images

“Оройн чимэг”


     Монгол нутгийн уул нуруу, сүрлэг сүмбэр уулс бүр тусгайлан зориулсан ерөөл, магтаалын аялгуутай. Үүний нэг нь Отгонтэнгэр уулыг тайхад дуулдаг “Оройн чимэг” хэмээх  уртын дуу юм. Энэ дууг эртнээс зохиогчтой айзам уртын дуу гэж нэрлэсээр ирсэн бөгөөд одоогийн Завхан аймгийн Отгон сумын уугуул Жав хэмээх нэрээр олноо алдаршсан ерөөлч магтаалч Шагдаржав 1890-1900  оны үед зохион дуулсан гэдэг. Хожим энэ дууг Нарванчин гэгээн, Дилав хутагт нар сайжруулан, өөрчилж дуулсан гэх яриа бий. Нийт 33 бадаг, 132 мөр шүлгээс бүтдэг бөгөөд нэг удаа бүтэн дуулахад дүнчүүр маань хөгжөөсөнтэй тэнцэхүйц билиг ерөөлтэй хэмээн нутгийнхан хэлдэг. Ялангуяа Очирваань хайрханы ойр орчимд амьдардаг иргэд энэ дуугаар найр наадмаа эхлүүлэн төгсгөдөг ажээ. Бүтэн хоёр хоногийн турш ч дуулдаг байсан гэнэ. Өдгөө ч энэ уламжлал үргэлжилсээр буй. “Оройн чимэг” дууны мөр бүхэнд нь Отгонтэнгэр хайрханы өвөрмөц, тогтоц олон бурхадын сүр дүрээр дүрсэлсэн, дуулахад нэг цаг орчим үргэлжилдэг гэж уртын дуучин, судлаач М.Дорждагва хэлжээ.

      Аман домог ярианаас үүсэл түүхийг нь сонирхуулбал, Жав гэгч сайн эр нэг удаа Отгонтэнгэр хайрханыхаа өвөрт намаржаалаад байх ахуйд хүндээр өвддөг. Уулынхаа энгэрийг түшиж өндөрлөг газар байсан тэрбээр айл хунар бараадахын эрхэнд нүүж, өөр газар очин тэндээ өвөлжжээ. Өвчин нь нэг л эдгэж өгөхгүй байж байтал нэгэн чоно Отгонтэнгэр хайрханаас бууж ирүүтээ Жавын өвчтэй хэсгээр нь долоогоод эхэлж гэнэ. Аль өвчтэй гэсэн газраар нь гурван хоног долоогоотол төд удалгүй бие нь илааршиж, бүрэн эдгэрчээ. Тэгээд талархсан сэтгэлээр хайрхан ууландаа энэ дууг зохиож дуулж өгсөн гэдэг. Тэр дуулахдаа уулынхаа орой, зулай, магнай, хормой, бэл гэх мэтээр баруун зүүн зүгээр нь тод дүрсэлж оруулан уул ус, ан амьтан, цэцэг навч энэ бүх ертөнцийн юмс хүний хувь заяанд сайн сайхнаар нөлөөлж тэтгэж байдаг, хүн байгалийн харилцан шүтэлцээний талаар өгүүлнэ. Үүний сацуу Буддын шашны утга санааг шингээж, дүр дүрслэлийг оруулж бүтээсэн байна.