images

"Дөрвөн цагийн тал"


     Алдарт хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн ая, яруу найрагч Д.Пүрэвдоржийн шүлгээр 1960-аад онд бүтсэн "Дөрвөн цагийн тал" дууг Зууны манлай уртын дууч Н.Норовбанзад амилуулсан юм. Тэрбээр 1978 онд Японд болсон "Торгоны зам" олон улсын фестивальд энэ дууг анх дуулснаар япончуудын хайртай монгол дууны нэг болжээ. Н.Норовбанзад бээр жил бүр Японд очиж тоглолтод оролцохдоо энэ дууг заавал дуулдаг байсныг түүний охин дурссан байна. Улмаар япончуудын байгуулсан "Сүхийн цагаан морь" хэмээх нийгэмлэг "Дөрвөн цагийн тал" дууг сүлд дуугаа болгожээ. Мөн нийгэмлэгийнхэн тоглолт үзэхээр ирэх мянга гаруй хүнд зориулан дууны үгийг япон руу орчуулж тараадаг байсан гэнэ. Хожим алдарт уртын дуучныг нас барснаас таван жилийн дараа тус нийгэмлэгийнхэн Монголд ирэхдээ Н.Норовбанзад гуайн идэх дуртай байсан чихрийг Алтан Өлгий дэх оршуулган дээр нь тавиад "Дөрвөн цагийн тал"-ыг дуулсан байна. Энэ дууг Н.Норовбанзад гуайн дараа Б.Зангад, Д.Ширмэнтуяа нар дуулж байсан юм. Мөн дуучин Т.Ариунаа Н.Норовбанзад гуайд хадаг барин очиж дууг нь гуйж өөрийн хувилбараар дуулсан аж. Хожим поп опера "Uvertura" хамтлаг, уртын дуучин Д.Үүрийнтуяа нар хамтран мөн шинэ хувилбараар дуулсан билээ.

Эх сурвалж: "25" дугаар суваг телевиз "Дуу төрсөн түүх" нэвтрүүлгээс