images

“Цэцэгчний хүслэн”


     1985 онд Дархан хотын соёл урлагийн өдрүүд Улаанбаатар хотод болох үеэр төрөөс Дарханы “Залуучууд” театрын гурван уран бүтээлчид Гавьяат жүжигчин цол хүртээсний нэг нь дуучин Барьдын Энхбат юм. Уянгалаг намуухан хоолойгоороо ард олны сэтгэлийг хөглөж, төмөр утастай ятгатай дуулдаг түүний хит болсон уран бүтээлүүдийн нэг нь “Цэцэгчний хүслэн” дуу билээ. Үгийг нь Ардын уран зохиолч П.Бадарч гуай бичсэн. Тэгэхдээ эхний хоёр бадгийг 1982 оны хавар гуанзны салфеткан дээр, төгсгөлийн нэг бадгийг 1983 оны өвөл бичгийн цаасан дээр бичжээ.

   1970, 80-аад онд нийгмийн хамгийн идэвхтэй залуучуудын дунд Авьяас сэргэлэнчүүдийн тэмцээн” буюу АСТ тэмцээн болдог байв. Урлаг, спортоор өрсөлддөг энэ цэнгээнт тэмцээн нь орон даяар түгэн дэлгэрч, нийслэл болон аймгийн төв, бусад томоохон суурин газарт болж эхэлсэн үе. 1982 оны хавар Улаанбаатар хотын цэцгийн үйлдвэрт агрономичоор ажилладаг Энхтуяа хэмээх бүсгүй П.Бадарч найрагчийг хайсаар байж зоогийн газар олж уулзаад “Тэмцээнд оролцох гэсэн юм. Та надад хэлэх үг бичиж өгөөч” гэж гуйжээ. Яруу найрагч хариуд ньАх нь АСТ-ын үг бичдэг найрагч биш хэмээн тоглоом шоглоом хийжээ. Энхтуяа агрономич шүлэг бичиж өгнө үү гэхийн оронд хэлэх үг хэмээн алдаа гаргасандаа уучлал гуйгаад “Та ийм том яруу найрагч байж, хэдэн мөр шүлэг бичиж өгөхөөс дургүйцлээ” гээд бүр туних янз гаргажээ. П.Бадарч найрагчид тухайн мөчид мөр тавих цагаан цаас байсангүй, харин хамгийн түрүүнд нүдэнд туссан нь хоолны ширээн дээр байгаа давхарласан цэвэр салфетк. Тэрнээс нэгийг аваад хоёр бадаг шүлэг тэрлэж өгсөн байна. Үүнээс хойш бүтэн жил өнгөрч, үг бичиж өгснөө ч мартчихаж.

   Тэгтэл хөгжмийн зохиолч Г.Алтанхуяг нэг өдөр утасдаж байна гэнэ. “Өөрийн тань хоёр бадаг шүлгэнд ая хийлээ. Дарханы театрын төмөр ятгатай дуулдаг Энхбатаар дуулуулна гэж бодож байна. Одоо хүрээд ирэх үү. Гуравдугаар бадаг хэрэгтэй байна” гэж. “Юун шүлэг байдаг билээ. Чи хаана байна?” гэвэл “Монгол телевизийн хөгжмийн редакцийн өрөөнд байна. Миний хийсэн аяыг ирээд сонсохгүй юу гэжээ.

   П.Бадарч найрагчид өөрийнх нь хоёр бадаг шүлэгт хийсэн дууны ая их аятайхан болсон санагдаж. Тэнд нь сууж байгаад “Цэцэгчний хүслэн” дууныхаа гуравдугаар бадгийг бичиж өгчээ. Гэхдээ энэ удаад бичгийн цагаан цаасан дээр туурвисан байна. Ингэж XX зууны нийтийн шилдэг дуунуудын нэг “Цэцэгчний хүслэн” төрсөн ажээ. Сүүлийн үеийн дуучид энэ дууг Б.Энхбат гавьяатыг дуурайхаас аль болохоор зайлсхийн уран бүтээлийн хайгуул хийж өөр өөрийнхөө донжоор дуулж байна. Харин ихэнх нь гуравдугаар бадгийн сүүлчийн мөр “Дайны тоос бүү хүргэ” гэдгийг “Дайны тоос бүү унаг” хэмээн өөрчилсөн байна билээ.

   Эх сурвалж: Е.Мягмарсүрэн. www.news1.mn