images

“Монголын нууц товчоо”


     “Монголын нууц товчоо” дууг Монголын рок, попын уран бүтээлчид болох “Харанга” хамтлагийн ахлагч Х.Лхагвасүрэн, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, “Номин талст” хамтлагийн гишүүн Т.Дэлгэрмөрөн нар хамтран дуулсан билээ. Дууны шүлгийг яруу найрагч Д.Ган-Очир, аяыг хөгжмийн зохиолч Г.Энхбаяр нар зохиожээ. Дууны шүлгийн санааг  хэрхэн олсон, дуу бүтсэн тухайгаа яруу найрагч Д. Ган-Очир манай сайтад ийн ярив.

    Энэ дууны шүлгийн санааг 2007 оны өвөл олж билээ. Нэг багш найз маань “Бөхийн өргөөний хойно байдаг лоунжид шар айраг ууя, хүрээд ир” гэж дуудав. Тэр үед ажил төрөл ч үгүй, хаана хүн дуудна тэнд л гүйж сууж явсан үе. Яваад очтол гэрэл нь тасарчихсан, ширээн дээрээ лаа асаачихсан сууж байх нь тэр. Нөхрийг арай гэж олоод, урьсан ширээнд нь очоод суутал баахан бөхчүүд байх юм.  Нэрийг нь хэлээд яах вэ, одоо ихэнх нь улсын заан, начин болсон байх. Тэдэнтэй цуг ууж, яриа хөөрөө ид халж, шар айраг маань цагаан архи болтлоо чангарлаа. Би тэднээс “Та нар “Нууц товчоо”-гоо мэдэх үү?” гэсэн чинь өөдөөс “Юу билээ, харуул хамгаалалтын алба байдаг билүү?” гэж нэг залуу мэдэмхийрэхэд нь дургүй хүрч загнах зэмлэхийн завсар юм болж билээ. Тэр үдэш ч хатуу дарс, халамцуу дотор, хачин сонин мэдэмхийрэл олон зүйл миний уурыг хүргэж гэртээ шөнө дөлөөр ирсэн, нойр хүрдэггүй дээ. Тэгээд л үзэг цаас нийлүүлээд нэг амьсгаагаар бичсэн дээ. Нэг л мэдэхэд “Нууц товчоо” гэсэн шүлэгтэй болчихсон сууж байв. Цаасан дээр нэг юм бичээд буулгасан болохоор сэтгэл онгойгоод ирэв.

   Маргаашаас нь эхлээд тэр шүлэг бичсэн цаасаа биеэсээ салгахаа больсон. Бараг миний цүнх, цамцны энгэрийн халаасанд жил явсан байх. 2008 оны зун Соёлын төв өргөөний хойно хөгжмийн зохиолч, “Хөх тэнгэр” хамтлагийн ахлагч Г.Энхбаяр ахтай таардаг юм байна. Ах саяхан эмнэлэгт хэвтээд гарсан, бие тэнхрээд дажгүй болсноо ярьж байна. Тэгэхээр нь гэнэт нөгөө шүлгээ санаад, бараг нугалаасаараа урагдах шахсан цаасаа гаргаж өгчхөөд хараад байлаа. Ах хүү ч харж байснаа цааш нь халааслачихав. “За дүү, үүнийг чинь ах нь нэг гоё юм болгоно оо. Чи санаа зоволтгүй шүү” гээд мөр алгадаад яваад өглөө. Түүнээс хойш бараг жил боллоо. Би ч Г.Энхбаяр ахыг хүндэлдэг байсан учраас нэг юм болгочих байх, яаруулаад яахав гэж санасан. Жил болоход хэд таарсан ч, ер асуухгүй л яваад байсан. Тэгсэн 2009 оны тавдугаар сарын дундуур анхны бороо ордог өдөр ах утасдаж байна. “За Ган-Очир оо, хүрээд ир. Дуугаа сонс” гэж байна шүү. Би ч уухайн тас гараад дэгдлээ. Хэлснээр нь “Далай ээж” захын урд хойшоо харсан саарал таван давхар байшингийн гадаа очоод залгатал ах гараад ирлээ. Хоёул зогсоол дээр байгаа машинд  нь хамт сууж шууд хөгжим тоглуулагчаар сонсгодог юм байна. Бүх биеийн шар үс босох шиг, ахыг тэврээд авчихмаар ч болох шиг... Баяр хүргээд “Хоовон ах аа, та агуу юм аа. Яаж ингэж мэдэрч чадаж байна аа” гэсэнд мөрөө хавчсанаа “Чиний шүлэг дотор л ийм нотууд байна билээ, тэгээд л болоо” гээд ядарсан шинжгүй инээмсэглэж билээ. Дууг  анх “Харанга” хамтлагийн дуучин Ж.Лхагвасүрэнгээр дуулуулахаар бодож зохиож л дээ. Тэгтэл “Нью стар" студид хоолой бичих, хөгжмийн найруулга хийх явцад Т.Дэлгэрмөрөн, С.Амармандах нар хамт дуулах санал хэлж, аялгуу хөгжмөө арай өргөсгөж янзлаад хоолойн бичлэгтээ орсон юм билээ.