images

Гадаад далай


     Монголын нэрт эрдэмтэн түүхч, нангиадч Чулууны Далай гэгч ном эрдмийн далай болсон сайхан буурал байлаа. Ховд аймгийн Зэрэг суманд төрж өсөөд улмаар сургууль номын мөр хөөж дэлхийн зиндааны эрдэмтэн болсон энэ буурайн нэр сонин түүхтэй. Аав ээж нь хүүгээ эхээс мэндэлсэн даруйд нь нэртэй сайн лам залж хүүдээ алдар нэр хайрлахыг хүсэхэд нөгөө лам "Газаа далай гаталж хол явж их юм үзэх хүү байна" гээд "Газаа далай" гэдэг нэр өгчээ. Ховдын Зэрэгийн захчин аялгад "Газаа" гэдэг нь "гадаа, гадаад" гэсэн үг. Ингэхээр түүний нэр нь Гадаад (их) Далай гэсэн утгатай юм. Одоо ч гэсэн Ховдын ойрадууд "Газаа гарч тогло" гэх зэргээр хүүхдүүдээ зандарч буй нь байдаг. Хүүг гэрийнхэн нь Далай гэж дууддаг байжээ. Газаа далай хүү сургуулийн нас хүрч ардын сургуульд орж нэрээ бүртгүүлэх болоход зүгээр л Далай гээд бүртгэчхэж. Ингээд сургуулийн албан бичиг баримт дээр бүртгүүлснээрээ Далай нэрээрээ явах болжээ. Ийн номтой лам билигтэй сайхан нэр хайрласан хүү үнэхээр гадаад далайг гаталж дэлхийд дуурьсагдсан эрдэмтэн болсон түүхтэй. Тэрээр Ховд аймгийн арван жилийн сургуулийг төгсөөд Бээжингийн их сургуульд түүхч мэргэжлээр суралцаж, Монгол улсын их сургуульд багшлан, Дорно дахины түүх судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.