images

Якобсдоттир


      Исландын ерөнхий сайдаар өнөөдөр 46 настай Катрин Якобсдоттир хэмээх бүсгүй ажиллаж байна. Якобсдоттир гэдэг нь овог мэт харагдаж байгаа боловч үнэндээ овог биш Якобын охин л гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл түүний аавыг Якоб гэдэг аж. Катрин гэдэг нь мэдээж өөрийнх нь нэр. Исланд хүний нэр ихэвчлэн ердөө ийм хоёр хэсгээс бүтдэг. Исланд хүний нэрэнд эмэгтэй л бол доттир буюу охин гэдэг үг зайлшгүй байдаг бөгөөд аав нь Карл бол Карлсдоттир, аав нь Стефан бол Стефансдоттир гэх жишээтэй байна. Доттир гэдэг үг нь англи хэлний daughter, орос хэлний дочь мөн. Эрэгтэй бол мөн нэгэн адил, гэхдээ хүү буюу сон гэдэг дагавар аавын нэрэн дээр нэмэгдэнэ. Аав нь Эрик, өөрөө Симон бол Симон Эрикссон, аав нь Олаф, өөрөө Бьорк бол Бьорк Олафссон болно. Энэ нь манай Нацагийн Жанцанноров гээд л болчихдогтой ихээхэн төстэй юм. Исландчууд овог хэрэглэх нь туйлын ховор бөгөөд гол төлөв гадаад гаралтай хүмүүс л овогтой байдаг байна.