images

Монгол улсын төрийн дуулал


     Олноо өргөгдсөн Богд хаант улс үгүй болсноос хойш албан ёсны төрийн дуулалгүй явж ирсэн Монгол улсад төрийн дуулал зохиох санал санаачлага, хүчин чармайлт 1945 онд Дэлхийн II дайн дуусмагц идэвхтэй өрнөж эхэлжээ. Улмаар Урлагийн хэрэг эрхлэх газраас “Монгол улсын шинэ дууллын үгийг зохиох хаалттай уралдааны дүрэм”-ийг гаргаж шүлгийн агуулга, хэлбэрийн хувьд тусгай заалт, чиг хандлагыг тогтоож өгсөн байна. Шүлгийн уралдаанд 1945 оны 12 дугаар сарын 31 гэсэн хугацаа тогтоосон хэдий боловч бүтээлүүд нь 1946 оны 4 дүгээр сар хүртэл ирсээр байсан ба энэхүү шүлгийн уралдаанд Ц.Дамдинсүрэн, Ц.Цэдэнжав, Д.Даржаа, Ч.Лодойдамба, Тойвгоо, Нацагдорж, Л.Дүгэрсүрэн, Д.Цэдэн, Д.Сэнгээ, Г. Чүлтэм, Наваандоо, Цэрэнжав зэрэг зохиолч, яруу найрагчид оролцжээ. Харин бэлэн болсон шүлгүүдэд нь Б.Дамдинсүрэн, Лха.Дорж, Ж.Дорждагва, Л.Мөрдорж, Д.Лувсаншарав, Г.Жамъян нар ая зохиож оролцсон нь 1949 оны эхээр бэлэн болов. Шинэ дуулал шалгаруулах ажилд маршал Х.Чойбалсан биеэр оролцон ая, дууны олон хувилбарыг харьцуулан сонсож байжээ. Ингээд “Хад” гэх нууц нэрээр оролцсон Б.Дамдинсүрэнгийн зохиосон аялгууны эхний хэсгийг “Бор шувуу” хэмээх нэртэй Л.Мөрдоржийн дууны төгсгөлийн хэсэгтэй нийлүүлсэн хувилбарыг сонгон авч симфони найрал хөгжим, цэргийн үлээвэр найрал  хөгжим, найрал дуу, эрэгтэй чуулга, эрэгтэй гурвал, гоцлол зэрэг байдлаар олон удаа сонссоны эцэст сая батлав. Улмаар Улсын Бага Хурал 1950 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр сүлд дуулал батлах тухай зарлиг гаргаснаар шинэ тутам Бүгд Найрамдах Монгол Ард Улс албан ёсны төрийн дуулалтай болсон түүхтэй.