images

“Аав ээж хоёр минь”


Ардын уран зохиолч Т.Галсангийн шүлэг, Төрийн шагналт Б.Шаравын аялгуу "Аав ээж хоёр минь" дууны түүх ийм ажээ.

   “Хөгжмийн зохиолч Б.Шарав 1984 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд хөгжмийн онолын багшаар ажилладаг байжээ. Тэр үед гэнэт орж ирсэн аялгуугаа багш нарын өрөөнд яаран орж тэмдэглэн авсан гэдэг. Харин таарах үгтэй шүлгээ галт тэрэгний бүхээгт хэвтсэн сонингоос олжээ. Тухайн үед Б.Шарав ЗХУ руу явж таарсан бөгөөд "Утга зохиол сонин"-д хэвлэгдсэн уртаа гэгч шүлгээс хоёрхон мөрийг сугалж дуундаа шингээсэн нь Ардын уран зохиолч Т.Галсангийн бүтээл байв. Энэ талаар Ардын уран зохиолч Т.Галсан "Энэ шүлгийн маань түүх сонин. Уг нь “Ээжээс ерөөл хүсэх дуу” гэдэг нэртэй шүлэг. Гэтэл Б.Шарав маань яг аяндаа таарсан хоёр шүлгийг сонгон авчээ. Үлдсэн мөрөөс нь хөгжмийн зохиолч Д.Галмандах бас дуу хийсэн байдаг юм. “Хайртай хайртай гэхдээ хайчаар тоглуулаагүй аав минь...” гээд дуу бий дээ. Ингэж нэг шүлэг минь хоёр дуу болсон сонин түүхтэй. Хөгжмийн зохиолч, дуучин, яруу найрагч гурвын сэтгэлээ дэвсэж хийсэн бүтээл" хэмээн ярьсан бий.

   Уг дууг хамгийн анх Буриадын Ардын жүжигчин Дугардашиев дуулжээ. Дараа нь Төрийн шагналт, Ардын жүжигчин Х.Уртнасан дуулж монгол түмэндээ хүргэсэн юм. Тэрбээр уг дууг дуулах саналыг зохиогчдоос нь хүлээн авсан бөгөөд тэр цагаас хойш гадаад дотоодын олон тайзнаа дуулж, дахиулж явсан аж. Энэ тухайгаа тэрбээр "Энэ бол жинхэнэ тултал нь бичигдсэн дуу. Хамгийн анх нутагтаа дуулахад аав ээж хоёр минь нулимс асгаруулаад сонсож байж билээ" хэмээн дурсан ярьсан байдаг.

   Энэ дуунд зориулсан хөшөөг 2019 онд Улаанбаатар хотын Байгалийн түүхийн музейн урд, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн зүүн талд байрлуулсан түүхтэй.

Эх сурвалж: peak.mn