images

“Хонин цагаан үүл”


Хөгжмийн зохиолч Г.Жаргалсайханы ая, Д.Төрмөнхийн шүлэг “Хонин цагаан үүл” дууны түүхийг хүргэж байна.

     “Том Жагаа” буюу хөгжмийн зохиолч Г.Жаргалсайхан ОХУ-ын Ленинград хотод суралцаж байх үедээ энэ дууг зохиожээ. Тухайн үед үг нь өөр байсан бөгөөд түүнтэй хамт суралцаж байсан яруу найрагч Баттөмөр анх үгийг нь бичжээ. Дууг бүтэх явцад хамгийн ойроос харж байсан гэрч нь хөгжмийн зохиолч Л.Балхжав ажээ. Анх ЗХУ-д суралцдаг байсан монгол оюутнууд нэрийг нь ч оноож өгөөгүй байсан уг дууг амандаа аялсаар олны дунд тарсан гэдэг. Тухайн үед эх орноо, элгэн нутгаа үгүйлсэн залуучууд энэ дууг дуулж тайвширч байсан ч гэх яриа бий гэнэ. Хөгжмийн зохиолч “Том Жагаа”–гийн зөвхөн энэ дуу төдийгүй "Сөгнөгөрийн гол" зэрэг дуунуудыг мэддэггүй монгол оюутан, гитар дээр дуулж чаддагүй ч хүн гэж байгаагүй гэдэг. Тухайн үед суралцаж байсан оюутнууд ч эх орондоо эхнээсээ ирцгээж, ажил төрлийн ая бодох болжээ. Л.Балхжав гэхэд л төгсөж ирэнгүүтээ үндэсний телевизэд “Хөгжмийн шуудан” нэртэй залуучуудын нэвтрүүлэг дээр ажиллаж эхэлсэн байна. Тэрбээр оюутан ахуй үедээ бүтэж бий болохыг нь дэргэдээс нь харж, сэтгэлд нь хоногшсон энэ дуугаа олон нийтийн хүртээл болгохын хүслэн болж явжээ. Тэгээд хөгжмийн редакцийн хамтрагч Д.Төрмөнхөөр үгийг нь хянуулж, сайжруулахаар тохиролцов гэнэ. Д.Төрмөнх ч эхнээс нь нямбай гэгч нь уншиж үзээд үгийг нь сайтар нягталжээ. Тэгтэл нэг өдөр уран бүтээлийн найз Ч.Бадар-Ууган нь гитар дээр нэгэн ая тоглож байснаа Д.Төрмөнхөөс энэ аян дээр үг бичиж дуу болгох хэрэгтэй байна гэж хэлжээ. Тэр нь хөгжмийн зохиолч Г.Жаргалсайханы нөгөө ая байв. Тэр даруйд л өнөөх засвар хийж, нухаж байсан шүлгээ санаад зөвшөөрч, дуу болгох ажилдаа шамдав. Үг аяа бэлэн болгож тохирсон ч олон нийтэд цацна гэдэг тухайн үед бас нэгэн амаргүй даваа байв. Үг, аянд нь болохгүй, зохисгүй юм бий эсэхийг нь заавал хянуулж, утгын хувьд болно гэсний дараагаар олон нийтэд цацдаг байсан хэрэг. Тэр жишгээр Д.Төрмөнх зохиолчдын эвлэлийн хорооны Д.Цоодол дээр очиж энэ дууныхаа үгийг нь батлуулжээ. Тэрбээр дууны шүлгийг уншаад “ Яасан аятайхан дуу вэ, залуу хүн гэхэд ардын дууны элементийг шингээж, сайн болжээ” гэж хэлсэн байна. Дүрсжүүлэлтийн ажлыг уран бүтээлч нөхөд үндэсний телевизэд хийж олонд хүргэсэн байна.

Эх сурвалж: "25" дугаар суваг телевиз "Дуу төрсөн түүх" нэвтрүүлгээс.