images

“Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг”


     Энэ дууны  шүлгийг  1995 онд яруу найрагч Ж.Заяабаатар 29 настайдаа бичиж байжээ. Тухайн үед Соёлын яамны сайдаар ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ажиллаж байсан бөгөөд Засгийн газраас “Соёлын жилхэмээн зарлаж урлаг, соёлын олон арга хэмжээг хөдөө орон нутагт чиглэн явуулж байжээ. Монголын залуучуудын холбоо яамнаас зохион байгуулж буй ажлын хүрээнд Сүхбаатар аймагт урлагийн бригад гаргаж, 14 хоног бүх сумдаар явж урлагийн тоглолт хийхээр болж гэнэ. Тэр арга хэмжээг  Монголын залуучууд сонинд ажилладаг байхдаа  Ж.Заяабаатар сурвалжлахаар явахдаа нэгэн шүлэгтэй эргэж ирсэн нь "Мэнгэ төөрсөн амраг" дууны үг байсан юм. Тэрхүү урлагийн бригадад урлаг соёлынхныг төлөөлж “Дунгаамаа”-г дуулдаг Баасанжав, ардын дуучин Гэрэлмаа, хөгжмийн зохиолч Ганбаатар гэх мэт хүмүүс багтаж явсан байна. Мөн хүүхдийн “Соно” сэтгүүлийн эзэн, зураач А.Бат-Эрдэнэ, Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол хөгжимчид, нарийн мэргэжлийн эмч нар явжээ. Тэднийг нэг их сүрхий мэнгэтэй эмч нөхөр ахалж явсан бөгөөд хамт яваа дуучин Гэрэлмаатай ихэд ойр дотно явсан гэнэ. Бригадынхан ч Сүхбаатарт очсон хойноо хүн хүчээр багаа зузаатгаж, бүх сумдаар явахаар болжээ. Нэг орой Эрдэнэцагаан суманд очин концертоо тоглож, эмч нар үнэгүй үзлэг явуулж дуусаад орой нь залуучуудын дунд үдэшлэг болов. Тэр үеэр багийн нөхдөөс  дуучин Баасанжав, Монголын залуучууд сонины эрхлэгч Н.Лутбаяр, яруу найрагч Ж.Заяабаатар нар монгол архи хүртэхээр байрлаж байсан буудал руугаа яваад өгчээ. Сониных нь эрхлэгчийн төрсөн нутаг байж таараад сэтгэл нь хөөрцөглөн хөөрхөн найрлаж гэнэ. Нэлээд халамцсан гурав цээжинд буй хэдэн шүлэг уншицгааж, нэгэндээ сонсгон элдвийг ярилцан суужээ. Гэнэт тэр үеэр дуучин Баасанжав сэтгэлт бүсгүйгээ өөр хүнд сайн байгааг ярьж гоморхон “Надад нэг тийм эр хүний бахархам аялгуу цээжинд яваад байдаг юм, шүлэг хэрэгтэй байна” гэж яруу найрагчид хэлжээ. Ж.Заяабаатар ч архины халуунд ааг омгоо багтааж ядан "Түүнийг аясаар аргадаж бололгүй яах вэ" хэмээн хэлээд маргааш нь түүнд шүлэг бичиж өгөхөөр тохирч амрахаар хэвтэцгээж. Гэтэл унтья гэвч өгсөн амлалт нь яруу найрагчийг чангааж тэр шөнөдөө нойр хугаслан үзэг цаас нийлүүлэв. Тэгэхэд толгойд нь “Бурхан багшийн дутаасныг хүн гүйцээгээд хэрэггүй ээ” гэсэн мөртүүд хамгийн түрүүлж ороод ирж. Тэр чигт нь сийрүүлж, уншаад үзтэл

“....Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг минь

Миний зүрхний гэгээн гуниг минь

Бурхан багшийн дутаасныг хүн гүйцээгээд хэрэггүй юм

Буян заяа гэдэг чинь тэнгэрийн л хишиг юм уу гээд хөвөрсөн байна...” гэсэн мөрүүдээ дахиад аятайхан болгоё гээд дахин жаахан оролдтол сэтгэлд нь хүрсэнгүй учир тэр чигт нь орхичихжээ. Сүүлд нь бригадаараа Шилийн богд дээр гарч ромбоо угаах нь угааж, дуу шүлэг болж бүгд буцахын алдад өнөөх шүлэгтэй дэвтрээ дуучин Баасанжавын хүсэлтийн дагуу түүнд бэлэглэж орхижээ.

     Сүүлд нь томилолтоосоо эргэж ирээд Ж.Заяабаатар “Жаахан шаргын нутгаар заяа байвал дахиад очно” гэсэн аян замын тэмдэглэл сониндоо хэвлүүлээд хажуугаар нь өнөөх шүлгээ нийтлүүлчихжээ. Нэг өдөр ажил дээрээ сууж байтал эрхлэгч нь гэнэт дуудаж “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхантай уулзаж ярилцлага хийх үүрэг даалгавар аваад очтол өөдөөс нь шүлгийг нь олж уншсанаа хэлээд ая хийх бололцоотой гэж санал тавьжээ. Тэр даруй шүлэгтээ бага сага засвар хийж дөрөвдүгээр бадгийг нь бүр хасаад шүлгээ Д.Жаргалсайханд өгснөөр энэ дуу бүтсэн байна. Дуу гараад сарын дараа л хит болж “Ардын эрх” сониноос зарласан зохиолын хит дууны парадад түрүүлж олонд түгсэн байна.