images

"Хирошимагийн охины цаасан шувуу"


    1979 онд тухайн үеийн МХЗЭ-ийн Төв хорооноос зарласан улс төрийн дууны уралдаанд Д.Дашнямын хөгжим, Я.Энхээгийн шүлэг “Хирошимагийн охины цаасан шувуу” дууг дуучин Н.Баянмөнх улс төрийн дууны “Үүрийн туяа” хамтлагт байхдаа анх дуулжээ.

     1945 оны 8 дугаар сарын 6. Японы Хирошима хотын дээрээс Америкийн цэргийн бөмбөгдөгч онгоц атомын бөмбөг хаясан юм. Хормын дотор бүгдийг үнсэн товрог болгож мянга мянган хүн түлэгдэн хайлж цацраг идэвхит туяанд хордож амиа алдсан. Хирошимагийн бөмбөгдөлтөөс болж төрөлхийн өвчтэй болсон хэдэн мянган хүний төлөөлөл Садако Сасаки охин эмнэлэгт өвчинтэйгөө тэмцэж байхдаа мянган цаасан шувуу хийвэл өвчин нь эдгэрдэг домгийг ааваасаа сонссон гэдэг. Бүх хүчээ дайчлан сарын дотор мянгыг хийв. Өвчин нь эдгэрсэнгүй. Дахиад мянгыг хийхээр шийднэ. Даанч охины явах цаг ирж хайртай гэр бүл, хийж дуусгаагүй цаасан шувуугаа орхиод одохдоо охин 12-хон настай байв.

Өвчинд шаналсан өнчин охин

 Өрөвдөм хүслээр шувуу хийжээ.

 Хийсний тоогоор нас нь уртсах

 Хуучны домгийг итгэн биширчээ...

   1978 оны намар. Яруу найрагч Б.Явуухулангийн хүү Энхээ Тэрэлжийн амралтанд санамсаргүй таарсан монголоор маш сайн ярьдаг нэгэн япон залуугаас Садако охины энэ гунигт түүхийг олж сонссон гэдэг. Нэрийг нь ч мэдэхгүй тэр япон залуугаас олж сонссон бүхэндээ сэтгэл нь хөдөлсөн Я.Энхээ дуу зохиохоор шийдэж үг бичин, аяыг нь Монгол улсын Гавьяат жүжигчин Д.Дашнямаар хийлгэсэн байна. Садакогийн түүхийг ярьж өгсөн тэр япон залуу Япон улсаас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт элчин сайдаар олон жил ажилласан Такэнори Шимизү байсан нь хожим тодорхой болжээ.

                      Эх сурвалж: Монголын Үндэсний Олон нийтийн Радиогийн “Дуун увдис”