images

“Монголын үнэртэй салхи”


     2004 оны намар хөгжмийн зохиолч Т.Сэр-Од Соёл урлагийн их сургуульд багшилж байжээ. Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар нэгэн өдөр өрөөнд нь ирж уулзаад хоёр биеэ хөөргөж нэг нь шүлэг бичиж, нөгөө нь хөгжим тоглож байж. Тэгж байгаад Т.Сэр-Од түүнд “Ийм нэг аялгуу байгаа юм. Та сонс доо” гэж гэнэ. Гэтэл Ш.Гүрбазар түүнийг нь сонсчихоод "Ийм ая, аялгууг чинь “Монголын үнэртэй салхи” гэдэг байхгүй юу" гээд шууд нэг бадаг, нэг дахилт бичсэн гэдэг. Тухайн үед хоёр биедээ хачин их баярлаж “Чи ч хөгжмийн зохиолч юм байна. Би ч яруу найрагч юм байна” гэцгээжээ. Түүнээс хойш удалгүй Ш.Гүрбазар цагдаагийн байгууллагын концерт хөтөлж байтал нэг залуу “Таныг гадаа нэг хүн дуудаж байна” гэж. Тэгэхээр нь гараад очтол Т.Сэр-Од ирчихсэн "Монголын үнэртэй салхи" дууныхаа хоолойг өнөөдөр бичүүлмээр байна. С.Жавхлан тоглолт хийх гээд Б.Жаргалсайхан ивээн тэтгэж байгаа юм. Өнөө шөнө хоёулаа сууя. Одоо явъя” гэсэн гэдэг. Тэгээд л Ш.Гүрбазар дуучин С.Жавхланд шүлгээ өгч, эхний бадгаа дуулж, хоолойгоо бичүүлж байхад нь үлдсэн гурван бадгаа бичжээ. Энэ бол Т.Сэр-Од, Ш.Гүрбазар нарын хамтарсан анхны уран бүтээл бөгөөд түүнээс хойш “Чонон хийморьтой эр хүн”, “Анд нөхдийн дуу” гэх зэрэг 30-аад дуу бүтээжээ.

Эх сурвалж: www.ergelt.mn