images

“Somewhere Over the Rainbow/What a Wonderful World”


    Хавай арлын уугуул, залуу дуучин Израэль Камакавивооле 1988 оны наймдугаар сарын нэг өдөр дуу бичлэгийн студи руу шөнийн гурван цагт залгажээ. Утас авсан найруулагч, продюсер Милан Бертоза түүний “Нэг аятайхан дууны санаа байна” гэхийг сонсоод “Хүрээд ир. Чамд 15 минут өгье” гэсэн байна. Дуучин укулеле хөгжимтэйгээ орж ирсэнд найруулагч микрофон өгч чимээ шалгаад, “Явлаа” гэж эхлүүтээ шууд бичжээ. Нэг амьсгаагаар бичсэн энэ дуу хожим нь Хавайн дуучдын уран бүтээлээс хамгийн алдартай нь болж дэлхий дахинаа тарсан бөгөөд гол дүрд нь Брэд Питтийн тоглосон “Meet Joe Black”-ээс эхлээд арав гаруй уран сайхны, зургаан цуврал киноны хөгжимд орсон байна. 2004 оны нэгдүгээр сард уг дуу “Billboard” сэтгүүлийн “Hot Digital Tracks” чартын 12 дугаарт жагсчээ. Энэ дууг багтаасан "Facing Future" альбом Хавайн дуучдын гаргасан альбомнуудаас хамгийн их борлуулалттай нь юм. 

    Дээд тал нь 343 кг хүрч байсан биеийн жин нь төдийлэн буурахгүй байснаас И.Камакавивооле хүндээр өвчилж, 1997 оны зургадугаар сарын 26-нд 38 настайдаа зүрхний дутагдлын улмаас амьсгал хураажээ. Түүнийг нас барахад Хавай даяар гашуудаж, мужийн далбааг бөхийлгөсөн бөгөөд оршуулганд нь 10 мянгаад хүн оролцсон гэдэг.  

Эх сурвалж: www.izhawaii.com/biography/