images

“Чамайг үдье”


  Энэ дууны аяыг хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа, үгийг зохиолч, яруу найрагч Б.Бааст бичсэн билээ. Дуу хэрхэн бүтсэнийг Б.Бааст “Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт ярихдаа “С.Гончигсумлаа хүнтэй тааралдахаараа “Ай, баньд аа” гэж дуудаж явдаг нэгэн. Тэр нэг удаа тааралдахдаа “Ай, баньд аа, нэг ийм ая байна. Хоёр гурав хоногийн дотор хэдэн бадаг үг бичээд аль” гэж шавдуулаад ум хумгүй яваад өгчхөв. Ер нь энэ мундаг хөгжмийн зохиолчид чинь сайхан ая их хийдэг ч өөрсдөө дуулж чаддаггүй улс. Хаана, хэний шүлгээр дуу болгох вэ гэдгээ харин сайн мэднэ. Би ч яах вэ, үүрэг авсан хүн ёсоор нь болгож өгтөл сайхан дуу болгосон байна лээ. Сүүлийн үеийн дуучид дандаа баяр баясгалантай талаас нь дуулж байгаа харагддаг. Угтаа энэ чинь баяр гуниг хоёр хосолсон дуу юм. Шүлэг нь дөнгөж гэр бүл болсон хос залуус гал голомтоо бадрааж байтал өрхийн тэргүүн цэргийн албанд татагдах болсон тухай. Цэрэгт явж байгаа нь нэр төрийн хэрэг бахархам ч үлдэж байгаа бүсгүй хүнд гунигтай. Нөхөр дайнд яваад үхчихвэл яах вэ, үр үндсээ үлдээж амжаагүй байтал гал голомт нь бөхвөл яах вэ гэдэг талаас бодолцох хэрэгтэй. Би өөрөө ч ийм баяр гуниг хосолсон дуу бичсэнээ сүүлд ойлгосон юм” хэмээн ярьжээ. Энэ дууг Монголын анхны мэргэжлийн дуурийн дуулаачдын нэг Г.Хайдав дуулан 1942 онд Октябрийн хувьсгалын 25 жилийн ойд зориулсан уран бүтээлийн уралдаанд тэргүүн байр эзэлж байв. Дараагаар нь 1946 онд Д.Лувсаншарав баян хуураар хөгжимдөж, В.Сүрэнхорлоо дуулжээ. “Чамайг үдье" дуу бүтсэнээс хойшх 60 гаруй жилд дуулсан дуучид ч их байсан аж. 1995 онд Гавьяат жүжигчин Б.Цэцэгээ БНАСАУ-д "Хаврын баяр"-т дуулснаар 80 орны дуучдаас шалгарч "Гран при” шагнал хүртэж байсан удаатай. Мөн Цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин Ч.Туул, уртын дуучин Х.Уртнасан зэрэг олон дуучдын нэрийн хуудас болж байжээ.