“Зулзаган цагаан хус”
Өнөөдрийн Хөгжим
2024-11-14
“Зулзаган цагаан хус” дууны шүлгийг зохиолч Б.Сосорбарам, аяыг нь хөгжмийн зохиолч Х.Баатар зохиожээ. 1967 оны намар “Хөдөлмөр” сониноос Дархан, Сэлэнгийг хариуцсан сурвалжлагчаар томилогдсон 30 гаруй настай Б.Сосорбарам Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах Сөгнөгөрт амрахаар очихдоо хөгжмийн зохиолч Х.Баатартай тааралджээ. Тэгтэл Х.Баатар түүнийг дууны шүлэг бичиж өгөхийг шалгаасанд Б.Сосорбарам "Ямар ч байсан оролдоод үзье" гээд Сөгнөгөрийн голыг өгсөж уруудаад бодож явсаар
"Зулзаган цагаан хус нь
Зулай шүргэн ганхана аа
Зул шиг ганьхан амраг минь
Зүүдэн дунд минь гунхана" гэсэн дөрвөн мөртийг олсон байна. Ингээд Х.Баатарт өгтөл "Болж байна, би энийг чинь оролдоно оо, ая хийнэ. Чи харин буцахаасаа өмнө бусад бадгийг нь бичиж өгөөрэй" гэжээ. Б.Сосорбарам ч дахин дахин хусан шугуйгаар явж бодсоор буцахынхаа алдад бадгаа гүйцээж бичиж өгчээ. Энэ явдлаас хэсэг хугацааны дараа Б.Сосорбарамыг гэртээ сууж байтал радиогоор Б.Сосорбарамын шүлэг Х.Баатарын ая “Зулзаган цагаан хус” хэмээн зарлаж, Д.Машлайгийн дуулснаар цацагджээ. Зохиолч Б.Сосорбарам энэ талаар "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа "Сөгнөгөрийн голын шугуй битүү зулзаган хустай. Явж байхад зулзаган хуснуудын мөчир толгой мөр шүргээд л, голын шуугиан хоржигноод ёстой л сэтгэл хөдөлмөөр тийм сайхан газар байлаа. Ер нь энэ гоё хусыг амрагтайгаа зүйрлэж болмоор юм гэж бодогдож эхний дөрвөн мөртөө зохиосон. Дуу радиогоор цацагдахад Х.Баатар хотод байсан юм. Надад хэлээгүй ч анх сонсоод их гоё санагдсан юм. Их ч амархан түгсэн дээ. Сөгнөгөрийн амралтад газар газраас хүмүүс очиж амардаг байж л дээ. Радиогоор дуулуулчихаад өнөө Х.Баатар маань тэдэнд заагаад байсан юм. Хойтон жил нь Х.Баатар ажлаар Дарханд ирж, манайхыг сураглаад олоод ирлээ. "За өнөө дуу чинь амжилтад хүрсэн шүү. Чамд одоо шүлэг зохиол юу байна. гаргаад ир, үзье" гэж байсан. Тухайн үед би “Яргуй чи минь юундаа яараав” гэдэг нэртэй шүлгээ үзүүллээ. Болж байна гээд аваад явсан" хэмээн дурсжээ. Харин хөгжмийн зохиолч Х.Баатар “Тэр шүлэгт ая хийчихээд их сургуулийн геологийн ангийн оюутан Д.Машлай дээр очоод “Ийм дуу байна. Орой манайд очоорой” гэж хэлсэн юм. Тэгээд хоёулаа нийлж аваад радио дээр очсон. Хоёр дуугаа хоёуланг нь Д.Машлайгаар дуулуулсан даа” хэмээн дурссан байна.