images

“Ерэн баатрын дууль” найраглал төрсөн түүх


Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын дурсамж

   “Ерэн баатрын дууль”-ийг хэрхэн бичсэнээ өгүүлэхэд юуны өмнө сэтгэлийн гүн их догдлолоор бичсэн гэдгийг дурдмаар байна. Халх гол бол миний хувьд үлгэр домгийн шидэт униар татсана цэнхэр хязгаар байлаа. Халх голын тулалдааны тухай, домогт баатар Л.Дандарын тухай хүүхэд багадаа хэчнээн ч их сонслоо доо. Одоо тэгэхэд тэнд очих гээд явж байдаг. Тэгэхдээ бүр С.Удвал, Ц.Цэдэнжав, Ц.Уламбаяр гуай нартай явж байгаа гээд бодчих. Энэ бол 1963 оны есдүгээр сарын 15-ны өдөр байлаа. “За тэр Буйр нуур харагдлаа” гэхэд л сэтгэлийн долгис цацалж эхний мөрүүд соёолсон сон.

“Сүүдэрт ухаа шиг Буйрын гүйдэл түргэн долгис

Сүрэг загасны сэрвээ шиг гүвэлзэж байдаг хязгаар

Сүүмийх тэнгэрийн хаяа дор миний нутгийн бараа

Сүхбаатарын цэрэг шиг хилийн торгон овоо” гэсэн мөрүүд аяндаа ургав.

За тэгээд есдүгээр сарын 15-ны тэр нэгэн өдөр ерэн баатрын хөшөө байрласан газар хүрч очлоо. Эхний мөрүүдийг Халх голын хөрс шороо өөрөө сэтгэлд шивнэсэн юм.

“Халх голын хөрсөн дээр ерэн баатар төржээ

Халх голын хөрсөн дээр ерэн баатар нойрсжээ” гэж бодох агшнаа

“Хан тэнгэрт тулж ерөн хөшөө гэрэлтжээ

Хөшөө тийш очих ардын зам баларсангүй

Хөсөр өвс ургаж аглагшиж ер битүүрсэнгүй” гэсэн дараагийн бадгууд жигдрэв. Тэглээ гээд булш бунхны газар юм бичээд суугаад байлтай биш, пайлуур дээрх нэрсээс Рябцев, Степанюк, Желудков, Прядко гэсэн дөрвөн нэрийг бичиж авлаа. Тэнгэрт үүл хөвөлзөж сэтгэлд бодол ургасаар авай.

Зам зуур шинэ найраглалынхаа санаа зохиомжийг бодолхийлсээр явлаа. Нөгөө хөшөөн дээрээс түүж авсан дөрвөн хүний нэрийг сэтгэлийн хөшөөн дээрээ шигтгээд сэтгэлдээ уншиж үзэв. Энэ олон нэр ерэн баатрын нэр. Хэрэв үүнийг нэвтрүүлэгч Цэвээндорж уншвал ийм л янзтай гүн эмгэнэлтэй уншина даа гээд бодсон чинь,

“Дээгүүр нь үүл нүүж байна

Дэргэдүүр нь ус урсаж байна

Хажуугаар нь ой шуугиж байна

Харин тэд чив чимээгүй” гэсэн үгс аяндаа ургав.

   Бид хилийн заставаар дайрч цув, дуранг нь өгсний дараа Халх голын жимс ногооны туршлагын станцын зочид буудлын жижиг дүнзэн байшингийн гадаа ирж зогсоход би хамгийн түрүүнд машинаас бууснаа санадаг юм. Тэгээд аажуухан гишгэлж явсаар зочид буудлын орон дээр очиж зөөлхөн суугаад өвдөг дээрээ дэвтрээ тавиад бичиж эхэлсэн билээ. Учир нь ширүүхэн хөдөлбөл цалгичих гээд, ямар нэгэн юм асгарчих гээд байгаа юм шиг байсан нь чухамдаа онгод маягийн юм байсныг хожим нь ойлгосон юм. Ийм үед л яг нөгөө хууччуудын “Суниавал сурсан эрдэм сугаар гарна” гэдэг үг орой руу ордог юм билээ. Учир нь дав гээд суниачих юм бол дэрр гээд сэтгэлийн шувууд маань нисчих юм шиг сэтгэгдэнэ. Ингээд л нэг суудал дээр дөчөөд минут орчимд сэтгэлд минь эвлэн бууж, онгодын хур шаагиулсан шүлэг-дууль бүтэх нь тэр. Орой сумын дунд сургуулийн багш сурагчдын уулзалт дээр уншсаны хойно буудалдаа ирээд С.Удвал гуай, “Золтой л уйлчихсангүй. Сайхан шүлэг болж” гэхэд нь би эхлээд төдий л үнэмшээгүй билээ. Тэгээд хожим нь энэ шүлгийн тухайд “Нэрийг нь мэдэхгүй ч бүтээлийг нь уншихад сайхан, өвөрмөц бүтээлтэй яруу найрагчдын нэг гэвэл “Ерэн баатрын дууль” бичсэн Ш.Сүрэнжав юм” гэж Валентин Распутин бичиж, “Ерэн баатрын дууль” бол уран үгээр бүтээсэн сүрлэг хөшөө бөгөөд Монголын яруу найрагт үеийн үед сүндэрлэх нь дамжиггүй” гэж утга зохиол судлаач, доктор Х.Сампилдэндэв үнэлж цэгнэх юм гэж тэр үед огтхон ч бодоогүй билээ.

Монголын уран зохиолын дээжис XII боть, 218-221 дүгээр тал