“Мөнхийн ус”
Өнөөдрийн Хөгжим
2024-11-11
Дуучин Т.Бат-Оргил "Мөнхийн ус" дууныхаа аяыг Английн дуучин Бой Жоржийн 1991 онд зохиосон "Bow Down Mister" гэх дууны клипийг үзэж байхдаа олжээ. Тэрбээр “Жигүүртнээс дээгүүр” номдоо “Оросын “Утренняя почта”-гаас өөр олигтой хөгжмийн суваггүй, Барууны хамтлаг дуучдыг жилдээ ганц л удаа Италийн "Сан Ремо" наадмаар үздэг байсан болохоор би тэр клипийг ихэд шимтэж үзэж билээ. Гол нь үе үехэн л дүрс нь хальт гарах гитарчны барилтуудыг харж амжих гэж зурагтандаа наалдах шахлаа. Гитарынхаа G, D хоёрыг барихдаа хоёрдугаар утсыг нэгдүгээр утастай хамт дарж харагдав. Тэгэхээр нь гитараа шүүрч аваад дуурайж үзтэл маш гоё, шинэ өнгө гарах нь тэр. Энэ барилтуудыг олсондоо бөөн баяр болж, нухаж байтал төдөлгүй шинэ дууны ая олсон" хэмээн бичжээ. Дараа нь тэрбээр гэртээ байсан эртний "Монгол-Орос толь"-ийг үзэж байтал үзэсгэлэнт гэдэг үг нүдэнд нь торж, хэд хоног бодож явсаар
“Үзэсгэлэнт чамтайгаа учраагүй болбол
Үүрд би амьд яваад ч яах сан билээ” хэмээх дахилтын сүүлийн хоёр мөрөө гаргаж авчээ. Цаашлаад хан тэнгэрийн нулимс, үгүй бол жигүүртний хаан өндрөөс халин унахад тэр их хүчинд хад цуурч, мөнхийн ус ундарсан гэх домгийг зохиож эхний бадагтаа оруулсан байна. Ингээд ойрын танил найз нь түүнийг "On'n Off" продакшны С.Ононбаттай танилцуулснаар дуугаа клипжүүлсэн байна. Дашрамд дурдахад, 1994 оны үед Т.Бат-Оргилын дуулж олонд хүргэсэн энэ дууг 20 жилийн дараа дуучин Тэнүүн коверлон дуулж, улмаар “Мөнхийн реп” хамтлаг шинэчлэн дуулсан байна.