images

Хулантайгаа хориод жилийн дараа эргэж уулзсан минь


Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнэ зохиолын баатар Хулангийнхаа тухай ийн өгүүлжээ   

   "Тэр нэгэн намар зохиолч Д.Гармаа, Д.Мягмар, Ц.Мөнх бид нар Онон, Улзыг уруудан аялж явсан юм. Намар орой болж байв. Хориод жилийн өмнө бичсэн “Хулан бид хоёр” өгүүллэгийн минь баатар Хулангийнхаа гэрт ирлээ. Хулан гэртээ байсангүй. Цагаан морь хөллөсөн тэргэнд дүүрэн түлээ ачаад Ононгийн ухаа шаргал шугуй дундуур ирж яваа хүнийг хараад хүүхдүүд “Тэр мөн байна” гэв. Би угтаж очлоо. Хулан намайг даруй таньсан боловч баярласан ч үгүй, гайхсан ч үгүй, залууд нь хосгүй ялдам, сэргэлэн аальтай асан гунигт бор нүдээрээ инээмсэглэж байв. Хиртэй муу хувцас өмсөж, хацар дээрээ цагаа түрхжээ. Би түүнийгээ хараад арай л уйлчихсангүй. Ц.Мөнх “Хулан чинь энэ мөн байна” гэж судлаач хүний нүдээр танилаа. Тийнхүү миний нэг нууц задарсанд би зовох шиг ч болсон. Хулан нэг тиймэрхүү бүсгүй байгаа болов уу гэж Ц.Мөнх дотроо төсөөлж явсан байжээ. Тэр аялалаас буцаж ирээд миний өгүүллэгийн баатруудын эх дүрийн тухай санаснаа бичсэн бөгөөд би таагдах ёстой юм таагдлаа гэж хайхралгүй өнгөрч чадсангүй, харин миний тэр өгүүллэг эрхбиш сэтгэлийн угаас хүний жаргал зовлонг хуваалцаж байж гарсны гэрч боллоо гэж дотроо урамшин баярлаж билээ. Хориод жилийн дараа Хуланг дахин үзээд аяны урт замд бодон бодсоор “Хулан Цамба хоёр” гэдэг өгүүллэг бичсэн юм.

   Миний Хуланд хайртай явсан уншигчид тэр өгүүллэгийг уншаад ийм гунигтай юм бичихийн хэрэггүй байж дээ гэсэн. Гэтэл би Хулангийн амьдрал тийм азгүй замаар орсонд харамссан харамслаа хэлэхээс өөр аргагүй болсон юм."

Монголын уран зохиолын дээжис XI боть, 318 дугаар тал

 

С.Эрдэнэ “Хулан Цамба хоёр”

   Түрүүчийн цаснаар би нутагтаа очсон байв. Муу нэртэй мичин жилийг дагаж халуун намраар их цас орон хүйтэрчээ. Гэвч Онон голын шугуйд навч унаж гүйцээгүй цасан дунд улаа бутран байв. Би амралтаар яваа ажилгүй бөгөөд яаралгүй хүн болохоор сумын төвөөс хэдэнтээ өртөө алслан айл амьтнаар хэсүүчилж гөрөөчдийг дагалдан уул хөвчөөр тэнэж "Унасан газар, угаасан усандаа" хүрч, хүйсийг минь булсан тоонотоо хүртэл үзээд буцах замдаа цас оруулав. Би Жирмийн даваа уруудан галигуулж энэ их цасанд хүн мал цочирдон бас л зуд турхан болох нь уу гэж эмээж байгаа болон ер нь байгаль хачин хувирч байгаа тухай бодож явлаа. Хорин хэдэн жилийн өмнө энэ даваагаар Хулан хүүхэнтэй даваад шар Цамбад хардагдаж морин дээрээсээ хуу татуулж явсныг санахад цаг гэдэг их амархан явжээ. Шар Цамба, Хулан хоёрын аж амьдралын тухай хааяа сонсохоос биш нүүр ч учралгүй өдий хүрлээ. Их л баян тарган айл болсон гэдэг. Хуланг бага залуугаасаа мал гэрийн их ажилтай зууралдсаар байгаад яагаа ч үгүй эрт хагдарч, урьдын гоо сайхнаас нь юу үлдсэнийг мэдэхэд бэрх болсон гэлцдэг. Хуланг одоо нэг харах юмсан гэж бодож явлаа. Шар Цамба Чингис хаантай төсөөтэй санагдаж байсан аль тэртээ хорин хэдэн жилийн өмнө Хулан бид хоёрын хэлэлцэж байсан, хүсэн мөрөөдөж байсан юм ёсоороо болсон юм байхгүй боловч Цамбад хор хөдөлснөөс болоод би харин овоо эр хүн шиг зориг шийдэмгий болсон ч байж болох юм. Юу ч л гэсэн одоо би түүний өөдөөс эгц харж хэрэлдэх хэлэлцэх алийг нь ч үзүүлж чадахаар болжээ. Харин зориг дутаж Цамбын хүлээсэнд үлдсэн Хулан одоо ямар болсон зургийг тааж болохоор байв. Би энэ мэтийн юм бодож явахдаа мөн энэ Жирмийн даваанд Хулантай уулзах юм гэж санасан ч үгүй. Гэвч ямар нэг далдын хүчин тусалсан юм шиг, санаж явсан юм гэнэт бүтчих ёс бий. Ер нь аль дөчөөд жилийн өмнө хүйсийг минь булж дарсан элгэн улаан чулууг ч олж үзнэ гэж санаагүй яваад л олж үзсэн. 
Түрүүн давааны оройд гарч ирээд тээр дор нэг цагаан нохой дагуулсан морин тэрэгтэй хүн доошилж яваа харагдсан юм. Гүйцээд очтол Хулан байв. Намайг таних ч биш, үгүй ч биш байгаа бололтой. Уруу нь боосон алчуураа магнай руугаа дарсхийгээд намайг гайхан харснаа,

-Хүүе Сампил, хаанаас ийм сонин хүн гараад ирэв гэж баярлах цочих зэрэгцэн хэлэв. Толилзож, гялалзаж байдаг асан магнай нь үрчлээтэн өнгө алдаж, ярс ярс хийсэн тэгш цагаан шүдийг нь хэдэн алтан шүд орложээ. Ганцхан нүд нь хуучин янзаараа, урьдын цог залиа, гоо сайхан хүн байсан гэдгээ тавихгүйг хичээсээр явдгийг нь илтгэж байв. Гэлээ гээд Хулан надад тун ч дотно сайхан санагдав. Залуудаа ямар байсныг нь би даанч сайн мэднэ. Ядуу айлын охин баян айлын бэр болоод жаргал зовлонгийн алийг мэдэхгүй явсан хэрэг биз ээ. Баяр наадмаар жороо морь унаж, торгон дээл өмсөнө гэдэг идэр сайхан явах цагт бас ч сэтгэл хорогдуулдаг эд шүү дээ. Хулан ялдам намуухан хүн явсаар байгаад амьдралын хүлээснээс гарч чадалгүй энэ болжээ. Би ч тэгэхэд хэтэрхий гэнэн балчир явсан. Арван долоохон нас юу байхав дээ. Эр бие гүйцсэнсэн бол Хуланг өөр замаар дагуулж болох байсан биз. 
Хулан надад амьдрал байдлаа ярьж явав. Дахиад л цас орох янзтай тэнгэр бүүдийж, Онон гол хар тугалга мэт хүйтэн царцанга өнгөөр мэлрэн урсана. 
Цамба хэдэн хүнтэй хамсраад анд явсан. Манайх нэг л олон нохойтой баахан бүдүүн шартай айл. Яая гэхэв дээ. Ингэсээр насныхаа танагийг барлаа. 

-Танайх нэгдэлд ороогүй юм гэж үү?

-Yгүй Цамба модны артельд агуулахын нярав хийдэг юм. 

-Албан хаагч. Тэгээд юун олон нохойтой шар үхэртэй яасан их завтай хүн бэ дээ 
-Тиймээ. Миний л толгой дээр хамаг юм бууна. Шарнуудаа мал цөөнтөй айлуудад тарааж харуулдаг. Би хөлсийг нь хувааж өгөөд ирлээ. Хөрөнгөө нууж байгаа нь тэр. Банкинд байгаа мөнгөө надаас ч нуудаг юм. 

Хулангийн энэ үг гайхаш төрүүллээ. Өчнөөн жил айл болж амьдарсан хүний тухай биш хөндлөнгийн хүний тухай ярьж байгаа юм шиг байлаа. Өөрөө бол хүний хань биш ямар хань харин зүгээр нэг цагаачлагчийн маягаар ямар ч сэтгэл гомдолгүйгээр ярив. Би бөөн хар гунигт автагдлаа. 

-Хулаан! гэж би харуусаж бухимдсандаа уйлмаар болж буруу харав. Би биеэ овоо авч явсан эр хүн болохоор Хулантай бараг л үе мултарсан юм шиг ажээ. Тэгээд нэрээр нь дуудах нэг л зовлонтой. Би биеэ барьж чадсангүй,

-Хулаан! Тээр жил чи бид хоёрын энэ Ононд юу ярьж яаж явлаа даа. Санаж байна уу гэхэд 

-Тийм ээ. Одоогийнх шиг иймгүй залуухан явсан. Чи чиг бүр хүүхдээрээ байсан биш үү гээд муухан инээв.

Чингис хаанд мориноосоо хуу татуулаад уйлж байсан юм чинь ямар эр хүн байхав дээ гэхэд, 

-Гэхдээ л чи моринд гарамгай байсан даа гээд инээлээ. Залуугийнхаасаа ялгаагүй цэв цээлхэн дуугаар инээхэд нь цасанд даруулсан ой мод хүртэл цууриатаад явчих шиг боллоо. Гэтэл ой мод хүн инээх байтугай буу тавьсан ч цууриалмааргүй өдөр шүү дээ. Хулангийн инээхэд миний дотор онгойж, хүйт нойтонд ширвэгдэж зүдэрсэн морины минь нүд нь сэргэж чих нь сортолзоод ирлээ. Гунигтай хүн давхидаггүй харин инээж наадаж яваа хүн давхидаг гэдгийг адгуус хүртэл мэднэ. Ингэж энэ тэрхнийг ярьсаар яваад гэрт нь хүрч ирлээ. Тэднийх сумын төвийн захад хашаа байшинтай бөгөөд том цагаан гэрээ дулаалж орсон байв. Хоймортоо хэдэн эрээн авдартай, их л чөлөөтэй нойрсох дуртай хүн бодож хийсэн болов уу гэмээр аль цагийн хоёр их төмөр ортой, хивс ширдэг битүү дэвссэн айл юм. Хулангийн гоо үзэсгэлэн залуу нас, сайхан юм хүсэн тэмүүлэх сэтгэл нь тэр эрээн авдаруудад үүрд цоожлогдсон мэт санагдлаа.

Хулан надад хоол хийж шимийн архи аягалж өгөв. Хоёр гурван тагш халуун архи уугаад зориг орж Чингис хаан хэмээх шар Цамба гуай маань ангаас бууж ирвэл яасхийж уулзах билээ? гэж бодож суусан би урьдынхтайгаа адил сүр бадруулаад байвал нь «Хойш бай! Айлаар нуусан хэдэн бүдүүн шарынхаа махыг идээд л аниргүй хэвт!» гэж зад агсамнамаар байв.

-Цамба гуай наадамд морь уядаг хэвээрээ юу? гэхэд,

-Бүр байсан. Биеэ сайрхаж явдаг хөг нь өнгөрсөн юм чинь гэж Хулан хэлэв. Юм гэдэг ингэж л хувирдаг хойно доо. Уян догшин хоёр, сайхан муухай хоёр бие биедээ харшилж явсаар сүүлдээ хэн хэнтэйгээ тэмцэх хүчээ алдаж байгаа нь энэ. Ингээд л амьдрал дуусна. Авдартаа алт мөнгө, гаднаа мал хөрөнгө хурааж, нууж дарсаар байгаад л хорвоог барна» гэж би бодож суулаа. Өнгөрчээ өнгөрч гэж санаа алдтал,

-Сампил аа чи багадаа сайхан дуулдаг сан. Дуулаач дээ гэж Хулан гуйв. Би багаасаа дуртай «Эр бор харцагаа» аяллаа.

Эр бор харцага нь жигүүрхэндээ хүчтэй дээ 

Идэр залуу насандаа даанч ажсангүй явлаа даа гээд дуулахад минь Хулан доошоо харж нулимсаа арчиж суув. Гэтэл гадаа нохой шуугилдав. Хулан аяганд архи дүүргээд, Цамба ирлээ гэж тоомжиргүй хэлэв. Залуу байхдаа «Цамба ирэв» гээд зүгээр сууж байдаггүй сэн. Омогтой сүртэй хүний эхнэр болоод айж түгшиж явахад нь аятайхан ч байдаг юм сан уу. Цусаар тээглэ! Би ер нь агсан тавихад бэлэн болоод байлаа. Гэрийн хаалга нээгдэж эхлээд гурван цагаан нохой хэл амаа долоосоор орж ирэв. Хойноос нь Цамба орж нохдоо хөөж гаргаад мэндлэв. Намайг ер таньсангүй. Одоо Чингисийн дүрийг санагдуулах юм юу ч алга. Ердөө л нэг тарган шар өвгөн «Ямар гайтай цас гээч вэ. Уул хөвчид явахын арга алга. Зуд болдгоо боллоо. Арай чүү гэж ганц мэгж алаад...» гэж үглэсээр буу сумаа өлгөв. Адаглаад түүнд агсан тавихын ч хэрэг алга болжээ. 

Хулан намайг үдэж мордуулав. Уяан дээр би түүний гарыг бариад, 
Баяртай гэхэд, Буцахаасаа нааш манайхаар яваарай л даа”. Би за ч гэсэнгүй, үгүй ч гэсэнгүй мордож давхилаа.