images

“Louis Vuitton”


   Францын тансаг зэрэглэлийн “Louis Vuitton” брэндийг үүсгэн байгуулагч бол 1821 оны наймдугаар сарын 4-нд төрсөн Луи Витон билээ. Тэрээр савхин эдлэлийн брэндээ үүсгэн байгуулж алдартай загвар зохион бүтээгч, бизнес эрхлэгч болохынхоо өмнө хөдөө тосгонд амьдардаг, ядруухан айлын хүү байжээ. Түүний өвөг дээдэс нь фермер, хивсчин, тээрэмчин хүмүүс байсан аж. Мөн Луи хүүг арван настай байхад ээж нь нас барж, аав нь дахин гэрлэснээр хатуу хойд эхтэй болж, гэрээсээ хөөгдсөн байна. Ингээд жаал хүү ердөө 14 насандаа их хот Парис руу хөлөө олохоор явжээ. Тэр цаг бол аж үйлдвэрийн хувьсгалын дунд үе бөгөөд тээшний сав (чемодан) хийдэг хүмүүс ихээхэн нэр хүндтэй, амжилттай байсан тул Луи тээшний сав хийдэг урлаач болсон юм. Улмаар тэр хэдхэн жилийн дотор нэр хүндийг олж Парис хотын алдартай гар урлаач болж чадлаа. Түүгээр зогсохгүй Францын эзэнт гүрэн 1852 онд дахин сэргэхэд хатан хааны хувийн тээшний сав урлаач болжээ. Ингэснээр түүнд чинээлэг хүмүүст бүтээлээ зарах гарц нээгдсэн байна. Мөн тэр 1854 онд гэрлэж, хувийн бизнесээ ч эхлүүлжээ. Улмаар 1958 онд содон хэлбэртэй тээшний сав гаргасан нь маш хурдан олонд түгж, парисчууд Луи Витоны загварыг таашаадаг болж хамгийн тансаг тээшний сав үйлдвэрлэгч нь тэднийх болов. Энэ ажлаа Луи 1892 онд үхэн үхтлээ хийсэн бөгөөд компанийг нь хүү Жорж Витон нь үргэлжлүүлэн авч явсан юм. Ийм учир явдлаар өнөөгийн “Louis Vuitton” брэнд үүссэн бөгөөд компанийн логог 1896 онд Жорж Витон бүтээжээ. Харин өдгөө энэ брэндийн эзэн нь “LVMH Moet Hennessy” компанийн захирал Бернар Арно юм. Дэлхийн хувцас, үнэт эдлэл, гоо сайхан, цүнхний тансаг зэрэглэлийн брэндүүдийг нэг дор нэгтгэсэн энэ компанийн эзэн хөрөнгөөрөө дэлхийн тэрбумтнуудын хоёрдугаарт жагсаж байна.