images

Хайрын зурвас буюу найргийн даага


Ардын уран зохиолч Тангадын Галсан сурагч насныхаа хөгжөөнтэй явдлын тухай ийн хуучилжээ

   1950 оны өвлийн тэр нэг шөнө. Дотуур байрны хүйтэн өрөөний ажин түжинг эвдэж нэгэн хүн шүдэнз шурхийтэл асаагаад, хэвтэртээ бүлээцэн унтаж байсан миний хучлагын сэжүүрээс татан сэрээсэн нь жижүүр багш Санги байлаа. Багш нар өдөр нь элдэв муу дутагдал гаргасан сурагчийг шөнө хэвтрээс нь баривчлан багш нарын өрөөнд аваачаад бөөр нь улайссан төмөр пийшингийн дэргэд урт санал өргүүлэн зогсоогоод байцааж хашраадаг байсан юм. Төдхөн багш нарын албаны гэрт хулчгардуухан орлоо. Шатахууны торхны бөөрийг цоолж хаалга гаргасан төмөр зуух хар модны галд бөмбийтлөө улайджээ. “За ингээд “халуун там”-д хөлслүүлэн тарчилдаг байжээ. Яана даа. Хийсэн хэрэг юу сан билээ” гэсэн бодол нэрэхийн зуур Са багш,

-Зө хө чи захиа бичдэг үү? гэв.

-Хааяа аав ээждээ захиа бичдэг

-Өөр хэнд бичсэн бэ?

-Улсын их сургуулийн оюутан, маршал Х.Чойбалсангийн нэрэмжит шагналт онц сурлагатан Равсалын Даваа хэмээх нагац ахдаа захиа бичиж шинэ сонин шүлэгтэй ном явуулахыг гуйдаг гэхэд багшийн дуу ялигүй зөөлрөөд,

-Амраг хайрын захиа бичдэг үү? гэж байна. Нүүр зуух шиг улайгаад зүрхэн дотор туулайн бүжин хяраад явчихлаа. Би охидод сэтгэл алдарсан хөвгүүдийн захиа бичиж өгөн зүсэм талхны шан хүртдэг байсан юм. Талхаа надад өгөөд өөрсдөө юу ч идэлгүй шүлсээ нэгэнтээ залгиад аяга хар цай хоёронтоо оочлоод хичээлдээ одох ах нарыг харахад хөөрхийлөлтэй, бас бахархалтай. Юу нь бахархалтай гэвэл хайр гээч нь бүтэж байвал талх мэтийг юман чинээнд тоохгүй ажээ. Миний бичдэг захиа дөрвөн хэсэгтэй.

Эхлэл нь:

     Надаас чамд

     Навчнаас цэцэгт

Хайраа илчлэх хэсэг нь:

     Өнгийн цэцэг нь балгүй бол

     Эрвээхэй юунд суух вэ?

     Үнэхээр чамдаа хайргүй бол

     Шөнө юундаа зүүдлэх вэ?

Хариу тулган шаардах хэсэг нь:

     Хэрвээ чи надад

     Сайхан хариу ирүүлбэл

     Хичээл бүхэндээ би

     Сайн, онц сурна

     Хэрвээ чи надад

     Муухай хариу ирүүлбэл

     Хэлбичиг, тоон дээрээ

     Муу автлаа гуниглана

Сэрэмжлүүлэх хэсэг нь:

     Ганцаар уншаарай

     Галд шатаагаарай.

Захидлыг зүрхэн хэлбэртэй эвхэх бөгөөд гадар дээр нь цэцгэн дээр суусан эрвээхэй зурдаг болой. Багш миний өчгийг уншаад хэсэг инээснээ мөрөн дээр гараа тавин,

-Сургуулийн сурагч биш хүнээс юм авч захиа бичиж өгч байсан уу?

-Бий

-Хэн бэ?

-Та тэр ахыг шоронд хийлгэх байх.

-Үгүй тэгэхгүй. Би чамд амлая.

-За тэгвэл Нинжээ эмч манай ангийн Адилбишд захиа бичүүлсэн.

-Чамд юу өгсөн бэ?

-Нэг хайрцаг витамин өгсөн. Нэг өдөрт гурваас илүүг идэж болохгүй гэсэн. Чихэрлэг сайхан эд билээ. Би цувуулан хүлхсээр нэг цагийн дотор дуусгасан.

-Адилбиш ямар хариу өгсөн бэ?

-Долоо төгстөл хүлээвэл

Дотно үерхэж болно

Арав төгстөл хүлээвэл

Авгай чинь болохыг зөвшөөрнө гэсэн хариу өгсөн. Одоо бол би Адилбишийг харж, тагнаж хариуцдаг. Нинжээ эмч цалингаа буухаар нэг кило боорцог надад авч өгдөг.

Са багш сандал дээрээсээ унах шахан инээж, өврөөсөө гоё үнэртэй голио чихэр гарган нэгийг өрөө хүлхээд надад тавыг өглөө. Тэгснээ багш,

-За нөхөр Галсан. Чи одоо энэ цаасан дээр захиа бичнэ. Хэн ч юм бэ дээ. За, жишээ нь, багш ч байж болно. Сэхээтэн хүн нас бие гүйцсэн залуу бүсгүйд сэтгэлтэй болжээ гэж бод. Тэгээд түүндээ үүрд амьдаръя гэж чин үнэнээсээ хүсч байгааг уншуутаа уяртал, уяруутаа зөвшөөртөл бич. Би байруудаар эргэнэ. Бас сурагчдын өглөөний цай хоол бэлэн болж байгаа эсэхийг шалгана гээд савхин бээлийгээ өмсөөд саравчтай малгайгаа духдуулаад гарч одлоо. Багшийн даалгаварыг биелүүлэх нь тэгшитгэл бодохоос хэцүү биш байлаа. Удалүй багш эргэж ирэхэд би нэгэн хуудас дүүрэн шүлгэн захиагаа багшид өглөө. Багш уншиж үзсэнээ яльгүй мушийн,

-Чамд авьяас байгаа эсэхийг шалгаж үзлээ. Байна шүү. Гэхдээ “Хар нүд” гэдгийг “Бор нүд” гэж зас. Бас “Гуужсан согоо шиг бие, гунхсан өндөр нуруу” гэдэг хоёр мөрийг хас” гэв.

-Яагаад багш аа?

-Нэгдүгээрт, хүнийг амьтантай зүйрлэж болохгүй. Хоёрдугаарт, тэр чинь намхан нуруутай... Үгүй ээ, хүн бүхэн өндөр байх албагүй. Тийм биз дээ? гээд багш ихэд сандарлаа.

Навч цэцэг шиг царай чинь

Намхавтар тэгш нуруу чинь

Надад юутай гоё вэ?

Насаараа ханилбал догь вэ? гэж би буруу бодсон тэгшитгэлээ засаад багшид барилаа. Багш таатайхан инээж,

-За за болно. Шалгалт дууслаа, явж унт. Өглөө хүүхдүүд асуувал “Хоол залилдаг” гэж баахан бангадлаа гээрэй. Харин багш захиа бичүүлсэн гэж дэмий балай юм яриузай. Энэ бол чи бид хоёрын, хоёр эр хүний бат нууц шүү гээд таван төгрөгөөр алга мялаав. Тэр бол нэг төлгөн хонь худалдаж авч болох их мөнгө байлаа. Түүнээс хойш сарын дараа Са багш намхан бор эхнэр авч билээ. Бас намайг гэртээ аваачиж цайлаад эхнэртээ “Өнөөх захиаг бичсэн хүү чинь энэ шүү дээ” гэж билээ. Баянхонгор аймгийн төвийн дунд сургуулийн дотуур байрны хөвгүүдээс хүртсэн зүсэм талх, Санги багшаас гар чичрэн байж авсан таван төгрөг маань миний уран бүтээлийн анхны шагнал байсныг одоо оочоо имрэн дурсахад нэн урамтай, бас наргиантай байнам.

Монголын уран зохиолын дээжис XI боть, 38-45 дугаар тал