Тэр хорин дөрвийн чихрийг хүртчихсэн бол яах байсан бол?
Өнөөдрийн Хууч
2024-09-05
Социализмын үед МАХН-ын Төв хорооны Үзэл суртлын хэлтсийн эрхлэгч, хожим нь Баянхонгор, Сүхбаатар аймгийн Засаг дарга байсан Жамбын Чойжилсүрэн гуай өөрт тохиолдсон сонин явдлаа ийн хуучилжээ.
Ж.Чойжилсүрэн аравдугаар ангиа төгсөөд их сургуульд орсон зунаа нутгийнхаа нэг тахилгат хайрханд гарчээ. Тэгсэн чинь нэг сайхан морь хөлөглөсөн сайхан залуутай таарч гэнэ. Нутгийнх нь хүн лав биш. Нөгөө залуу морио тушчихаад түүн дээр хүрч ирэн элдвийг хүүрнэж байснаа явах болж босоод морь луугаа явахад нь араас нь харвал яах аргагүй бүсгүй хүн байх юм гэнэ. Хараад гайхаж зогстол нөгөө хүн буцан ирж хорин дөрвийн чихэр (нэг кг нь 24 төгрөгийн үнэтэй зөөлөн чихрийг нэрийддэг байв) нэг ширхэгийг гаргаж өгчихөөд мордоод явчихжээ. Ж.Чойжилсүрэн гуай яагаад ч юм түүнийг идэлгүй өвөртөлж явсаар модон хайрцагтаа хийж орхиж. Идье гэсэн бодол огт төрөхгүй байжээ. Хотод ирж сургуульдаа орчихоод нэг өдөр Төв номын санд ном захиалж аваад үзэх гэж суутал яг нөгөө залуу орж ирээд мөн ном авч зэргэлдээ сууж байгаад номын сан хаах болоход номоо өгчихөөд түрүүлээд гарчээ. Тэр хоёр нэг ч үг солиогүй гэнэ. Орой байрандаа ирсэн чинь цоожтой хайрцгийг нь онгойлгож, хамаг юмыг нь онгичоод хаячихсан байхаар эд юмаа бүртгэсэн чинь бүгд бүрэн, харин нөгөө чихэр л алга болсон байж. Байрны нөхдөө ирэхээр асуусан чинь “Түлхүүр нь чамд л байдаг шүү дээ” гэснээр тэр явдал өнгөрчээ. Ж.Чойжилсүрэн гуай “Тэр чихрийг хүртчихсэн бол яах байсан бол?” хэмээн санааширдаг байжээ.
Утгач овгийн Ц.Цэрэн-Очир. “Бууршгүй Монголын буянт мэргэд” номын 47-48 дүгээр тал.