images

Матадын нутагт цагаантан ирсэн нь


Ардын уран зохиолч, эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэнгийн нэгэн хууч.

   1921 оны зун болсон хэрэг болов уу гэж бодогдоно. Би хошуу тамгын жасаанд Дэмид туслагчийг дагалдан сурах бичээчээр сууж байлаа. Тэр үед би арван хэдэн настай байлаа. Нэг өдөр Ардын журамт цэргийн дарга Бумцэндээс тамгын жасаанд бичиг ирэв. Манай хошууны Алтан-Очирт лам Түвдэнг цэрэг даах ламаар томилно гэсэн бичиг байв. Тэгээд хэд хонож байтал цагаантны хэсэг цэрэг Баруун Тосонгийн өртөөний малыг дээрэмдээд хошуу тамгын газрыг чиглэн айсуй гэж мэдээ ирлээ. Тамгын газрынхан ноёд түшмэд бүгдээр дүрвэж ууланд хоргодохоор явав. Би Дэмид туслагчийг дагаад уулын хавцалд очиход тэнд олон майхан барьчихсан, хонь гаргаад хоол хийчихсэн байлаа. Дэмид туслагч хоол идэх гэсэн чинь аяга байсангүй. Мөнгөн аягаа тамгын өртөөнд мартчихжээ. “Аяга аваад ир” гэж намайг тамгын жасаа руу явуулав. Би тамгын жасааг чиглээд давхиж явтал замд улаан торгон дээлтэй хоёр лам дайралдлаа. Очиж уулзвал нэг нь манай Алтан-Очирт лам, нөгөө нь Батмөнхийн Дагважанцан гэдэг хаалгач байв. “Ламтан хаа морилох нь вэ?” гэж асуувал “Бид цагаантныг хөөх гэж явна. Гурвуул явъя” гэнэ. Бидэнд буу зэвсэг огт байхгүй байж цагаантныг яаж хөөх билээ гэж гайхсан боловч гаргаж хэлсэнгүй “За” гэлээ. Гурвуул давхиад тамгын газраас баруун тийш орших Хар өндөр гэдэг дов дээр гарлаа. Тэндээс харвал нээрээ багширсан олон цэрэг хойноос урагшаа явж байна. Хааяа утаа манарч нирхийж дуугараад, буудаж байгаа бололтой. Хожим сонсвол манай тамгын газрыг гунан буугаар буудсан юм байжээ. Сүүлд тэр бууны сумны хонгиог хүмүүс олж аваад цай нүдэх уур болгон хэрэглэсэн байхыг би үзсэн.

   Алтан-Очирт лам ном уншиж шороо тарнидан цагаантны зүг цацав. Лам шороо цацсаар байтал цагаантан урагш явахаа болиод зогслоо. Тэгж байснаа зүүн тийш даялж Хаданхөвийн өртөөг чиглэн гол замдаа ороод явав. Энэ нь Алтан-Очирт ламын шороо цацсанаас болсон уу, эсвэл ер нь зүүн тийш явах байсан уу, мэдэхгүй. “За хэрэг бүтлээ” гэж Алтан-Очирт лам айлдсан юм. Би тэр үед Алтан-Очирт ламыг ид шидтэй, мэргэн гэж итгэж байсан тул Дэмид туслагчийн мөнгөн аягыг авах гэж яваа учраа хэлээд “Тамгын газар очвол яах бол?” гэж асуусанд тэрбээр “Зүгээр. Мөнгөн аягыг очоод ав” гэлээ. Тэр хоёр Бумцэндийн хуаран руу явж, би тэднээс салан тамгын газарт давхиж хүрэв. Өвгөн галчид хэлж туслагч гуайн мөнгөн аягыг авлаа. Тэр өвгөн Дэмид туслагчид ихэд уурлаж хараан зүхээд “Намайг ч яах вэ, дайсанд алагдсан ч гарзгүй гэж бодоод энд орхисон байгаа биз. Харин чамайг мөнгөн аяганыхаа төлөө дайсны сумны өөдөөс явуулжээ. Бидний амийг мөнгөн аяганаас дорд үзэж байна” хэмээн загнаж байв. Би мөнгөн аягыг аваад туслагчийн бүгж байгаа газарт хүргэж өглөө. Тэр надад ихэд баярлаж духан дээр минь үнсэж билээ. Цагаантан өртөө замаар зүүн тийш Манжуурыг чиглэн явчихсан тул бүгж байсан хүмүүс гэр орондоо буцаж ирэв. Би тамгын газартаа ирж суугаад нэг сарын дараа хугацаа дууссан тул гэртээ харилаа. Манай нутагт очсон цагаантан бол айлыг малыг дээрэмдэж унаа морь сэлгэснээс бус хүн алж талсангүй явчихсан болно.

"Монголын уран зохиолын дээжис". XI боть. 82-84 дүгээр тал.