Эцэг Цэндийн гэрт очсон минь
Өнөөдрийн Хууч
2024-09-02
Ардын уран зохиолч, эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн бага нас, аав ээжийнхээ тухай хуучилсан нь.
Миний эцэг Цэнд 1882 онд Эрэгзэндонойн хүү болон төрсөн Хатгин овгийн хүн юм. Намайг төрсөн жил миний эцэг Цэнд нь Ханд нэртэй бага эхнэр аваад өөр газар гэр барьж, өөр айл болсон гэдэг. Тэгээд бага эхнэр Хандын хамт одоогийн Өвөрхангай аймгийн Гарьд гэдэг газар очиж 1908-1911 он хүртэл өртөө хийсэн байна. Улмаар 1911 онд Улиастай, Бээжин хоёрыг холбосон олон өртөөг татаж буулгасан учир нутагтаа буцаж иржээ. Тэгээд Ханд эхнэрээс хүүхэд гарсангүй тул намайг эхээс салгаж гэртээ авсан юм. 1915 онд манайх Харчин Бавуужавын цэргээс дүрвэж Санбэйсээс зүүн тийш Их хүрээ гэдэг газар өвөлжиж, өөрийн эх Уламбаярынд байхад эцэг намайг гэртээ аваачиж суулгав. Тэгэхэд би арваад настай байсан бөгөөд эцэг надад монгол бичиг зааж сургав. Монгол үсгийн дүрэм, хэлний зүй гэдгийг огт заасангүй. Эцэг өөрөө ч тийм зүйлийг мэддэггүй байсан бололтой. Манай эцэг Цэндийн гэрт “Үлгэрийн далай”, “Ноён хутагтын сургаал”, “Цаасан шувууны үлгэр”, “Рашааны дуслын тайлбар”, “Чойжид дагинын тууж” зэрэг нэг авдар шахам хуучин судар байдагсан. Түүнийг би бүгдийг нь уншиж үзсэн юм. Манай эцэг Цэнд гэртээ ойр нутгийн тав арван хүүхдийг үргэлж байлган монгол бичиг зааж сургадаг байсан. Энэ нь нэг ёсны гэрийн сургууль байлаа. Манайд ирсэн хүүхдүүд өмсөх хувцсаа өөрсдөө авч ирдэг, идэх хоолыг манайх үнэ төлбөргүй өгдөг, хүүхдийг сургасны шан хөлс гэж ямар ч юм авдаггүй байв. Хүүхдүүдэд хэдэн цагаар хичээл заана гэж байхгүй, өчигдрийн өгсөн даалгаварт хуулж бичсэн бичгийг маргааш нь үзэж засаж залруулан хэлж өгнө. Бусад цагаар хүүхдүүд хурга, тугал хариулах, хонь холбох зэрэг ойр зуурын бага сага ажил хийнэ. Ийм аргаар Матад нутгийн олон хүнийг бичиг үсэгтэй болгосон билээ.
Манай эцэг олонд нэр хүндтэй, сайн хүн гэсэн алдартай. Гэвч надад төдий л халамжтай сайн байгаагүй. Арван хэдэн насандаа Балдан ажаагийн бурхан шашны домог, эх Уламбаярын хуучин аман зохиолын домог зэргээс салаад ширүүн зантай эцэг, халамж муутай хойд эхийн гар дээр очиход нэлээд зовлонтой байлаа. Би номхон томоотой хүүхэд байсан санагдана. Гэвч эцэг намайг нэлээд зоддог, тэр зодолтын нэлээд нь шударга биш байсан тул би их гомддог байлаа. Тэгж шударга бишээр зодсон явдлаас хэд нь санаанд үлджээ. Тамгын жасаанд Сэрээтэр мэйрэн түшмэлээр суухад би дагалдан нэг сарын хугацаагаар бичээч болж суулаа. Тэр үед Монголд Ардын засаг тогтсон байсан юм. Нийслэл хүрээнээс ирсэн Зэнэмэдэр бичээч бидэнд Хүрээнд дуулж байсан хэдэн дуугаа зааж сургав. Нэг дууны давталт үг нь “Ай юу, зээ юу Амар мэнд жаргая хө” гэж байв. Би нэг сарын дараа гэртээ ирээд мөн дууны үгийг гэнгэнэн аялж байхыг манай аав сонсчээ. Тэгээд “Чи юу гэнгэнээд байгаа юм?” гэхэд би “Зэнэмэдэр гуайн зааж өгсөн дууг дуулж байна” гэв. Тэгтэл “Чамайг бичиг сур гэж явуулснаас биш дуу сур гэж явуулаагүй. Чи дуу сурч өөдгүй хүн болох нь” гээд загнаж гарлаа. Загнахаар барахгүй зодож эхлэв.
Бас нэг удаа адуугаа услаад бэлчээрт гаргах гэж явтал мөндөртэй бороо оров. Би тэгэхээр бороо өнгөрсний дараа адуугаа бэлчээрт гаргая гэж бодоод гэртээ харилаа. Тэгтэл адуугаа бэлчээрт гаргалгүй орхилоо гээд эцэг бас л намайг зодов. Бас нэг удаа Борной бичээч гэдэг хүн Балдан ажаатай уулзаад “Танай ач хүү ааваасаа илүү сайхан бичдэг болсон” гэж хэлснийг Балдан ажаа аавд хэлсэн байна. Тэгтэл бас л аав намайг зодох гэж нүцгэлсэн боловч арай л гар хүрэлгүй тавив. Аав надад нэг бор морь өгч унуулдаг болов. Энэ тун сайн морь боловч ам нь дийлдэхгүй хадуурч давхидаг байсан юм. Надад тэр морийг унуулаад үнэг, чоно хөөх анд дагуулж явдаг байлаа. Би морины амыг залж дийлэхгүй тул дайралдсан үнэг, чоныг хөөж чадахгүй алддаг байв. Тэгээд ангаас бууж ирээд намайг загнах буюу зодно. Иймээс би аавтай анд явах дургүй байлаа. Үүнийг Балдан ажаа мэдээд аавд сургаж “Чи амьтан алах дургүй хүүхдийг заавал шахаж амьтан алуулах гэж явдаг чинь буруу” гэж зэмлэв. Үүнээс хойш аав намайг анд авч явахаа больж би гэртээ амар суух болсон билээ.
Аав минь надад огт хайргүй байсан уу гэвэл бас тийм биш бололтой. Манай нутгийн Хар өвгөн гэдэг лам Зуун булгийг хэсэж ном уншаад унших номоо шувтарч номын хурим хийв. Олон хүн цуглав. Тэр хурим дээр шагай харваж тоглолоо. Би тэр тоглоомд оролцож тэргүүн суурийг эзлээд хоёр гурван янчаанаар шагнуулав. Манай аав үүнийг сонсоод олон хүнд баярлан ярьж байдагсан. Аав минь 1923 оны зун Баянтүмэн гэдэг газар очиж эмнүүлж байгаад нас барахын өмнө “Хүүтэйгээ уулзах юмсан” гэж орилж байсан гэдэг. Тэгэхээр надад ихэд хайртай байжээ гэж боддог юм.
"Монголын уран зохиолын дээжис". XI боть. 69-75 дугаар тал.