Сэйхакүхо Дэми
Өнөөдрийн Нэр
2024-08-13
Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Дэмиджамц Японы мэргэжлийн сүмогийн Исэгахама дэвжээнд Сэйхакүхо Дэми нэртэй барилдаж байгаа билээ. Тэрбээр дэвжээний нэрээ Сэйхакүхо (聖白鵬) гэж авсан нь учиртай аж. Нэрийг нь шууд орчуулбал "Гэгээн Хакүхо” болох юм байна. Өөрөөр хэлбэл, сэй буюу гэгээн, ариун гэдэг үгийн араас М.Даваажаргал аваргын Хакүхо гэдэг нэрийг шууд авчээ. Учир нь, аавынх нь найз Б.Даваажаргал урт чацтай залуу хүүг сүмо барилдахыг санал болгосноор 2017 оны хавар Япон орныг зорьж мэргэжлийн сүмоч болох эхлэлээ тавьсан байна. Харин гэгээн гэдэг үгийг сонгосны учир нь Дэмиджамц гэдэг төвөд нэр монголоор ариун, гэгээн далай гэсэн утгатай учраас шууд орчуулан авсан нь энэ аж. Түүнчлэн нэрийнхээ эхний хоёр үеийг авч Дэми хэмээн дэвжээний нэрийнхээ сүүлийг сонгожээ. Тэрбээр анх Японд очихдоо сүмогийн клубээрээ алдартай “Тоттори Жохокү” ахлах сургуульд элссэн байна. Ахлах сургуулиа төгсөөд Дошиша их сургуулийн Шашин судлалын факультетэд элсэж сургуулийнхаа сүмогийн клубд бэлтгэлээ хийдэг болжээ. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Шашны талаар суралцсан зүйл маань сүмогийн дэвжээн дээр оюун санаагаа тайван байлгахад тустай байдаг” гэжээ. Ө.Дэмиджамц 2, 3 дугаар курсийн оюутан байхдаа Баруун Японы оюутны сүмогийн тэмцээнд гуравдугаар байр, дөрөвдүгээр курсдээ Бүх Японы их сургуулиудын сонгон шалгаруулалтын тэмцээнд түрүүлсэн юм. Тэрбээр 2023 онд Хакүхо Б.Даваажаргалын зодог тайлах ёслолд оролцсон бөгөөд их сургуулиа төгсөөд Мияагино дэвжээнд оржээ. Гэвч өнгөрөгч гуравдугаар сард тус дэвжээг хааж Исэгахама болгосон билээ. Залуу сүмоч өнгөрөгч тавдугаар сард жонокүчи зиндаанд барилдаж эхэлсэн. Улмаар анхны башёдоо зургаа давсан тул долоодугаар сард жонидан зиндаа руу ахиж өвдөг шороодолгүй долоо даван түрүүлсэн юм. Ийнхүү мэргэжлийн сүмод нийт 14 барилдаж 13 даваа, нэг унаатай яваа тэрбээр жонидан зиндааны 25 дугаарт эрэмбэтэй байна. Тэрбээр 2000 оны наймдугаар сарын 24-нд төрсөн, 192 см өндөр, 127 кг жинтэй.
Эх сурвалж: sumowrestling.fandom.com