images

“18 нас”


   Хөгжим бүжгийн их сургуулийн оюутан Д.Болд, Г.Мэнд-Амар нар анх ангийнхаа охидтой тусдаа хамтлагтай байжээ. Улмаар тэд 1995 оны 6 дугаар сарын 24-нд дан эрэгтэй гишүүдээс бүрдсэн шинэ хамтлаг байгуулья гэж шийдсэнээр Л.Ган-Эрдэнэ, Б.Эрдэнэбат нарыг элсүүлсэн дөрвүүлээ болсон байна. Хамтлагийн продюсерээр "Титэм" хамтлагийн дуучин Л.Тайванбат ажиллажээ. Л.Тайванбат нь Л.Ган-Эрдэнийн ах учир дүүгийнхээ хамтлагийг хөл дээр босгоход нь туслахаар шийдэж мөн анхны менежерээр нь ажиллаж байжээ. Тэдний анхны хит дуу "18 нас" 1995 оны намар олны хүртээл болсон бөгөөд уг дууг тухайн үед "Никитон" хамтлагийн дуучин Б.Батчулуун Л.Тайванбатад өгсөн түүхтэй. Иймээс "Камертон" энэ дууг өөрсдийн хэв маягаар дуулжээ. Дууны клипийг Монголын Үндэсний телевизийн студид хийж, телевизээр цацахтай зэрэгцэн Монголын анхны FM радио болох 102.5 долгион болон Үндэсний радиогоор олон нийтэд хүргэснээр залуусын дунд хит болж чаджээ. Хамтлаг уран бүтээлээ туурвиж эхлэх тэр үедээ залуусыг байлдан дагуулснаар "Пентатоник" наадмаас "Шилдэг дебют хамтлаг" шагналыг хүртэж байв. Улмаар дебют цомгоо "18 нас" дуугаараа нэрлэн Германд хэвлүүлжээ.