Монгол хүн Олимпоос анх удаа медаль авсан нь
Өнөөдрийн Хууч
2024-08-13
1968 оны 10 дугаар сарын 12-27-нд Мексикийн нийслэл Мехико хотод болсон Зуны XIX Олимпын чөлөөт бөхийн төрөлд Чимэдбазарын Дамдиншарав хүрэл медаль хүртсэнээр Монгол улсын алтан соёмбот далбаа Олимпын тэнгэрт анх удаа мандсан юм. Тухайн үед чухам юу болсон талаар Монгол улсын Гавьяат дасгалжуулагч Солийн Магсарын хуучилсныг толилуулж байна.
“Манай улсын баг тамирчид Мексикийн XIX Олимпын наадамд оролцохоор бэлтгэл дасгалжуулалтаа ид базааж байх үед буюу өөрөөр хэлбэл 1968 оны эхээр миний бие франц хэлний орчуулагч Гомбосүрэнгийн Батсүх гэгч намхавтар биетэй, жигтэйхэн дэгжин хувцасласан, гадна төрөхөөс нь харахад цаанаа нэг “сэхээтэн"-ний соёлтой хүнтэй танилцсан билээ. Тэр үед Олон улсын бөх сонирхогчдын нэгдсэн холбоо (FILA)-ны албан ёсны хэл нь франц байсан. Ерөнхийлөгч нь Роже Кулон гэгч франц хүн байлаа. Олимпын наадамд манай улс анх 1964 онд оролцож, удаах Олимпын наадамд баг, тамирчдаа бэлтгэн оролцуулах үүрэг надад хүлээлгэсний хувьд бэлтгэл дасгалжуулалтаас гадна ОУБСХ-ны баримт бичиг, дүрмийн өөрчлөлт хийгээд дэлхийн бөхийн спортын тоймыг тодорхойлох бүхий л баримт бичгүүд франц хэл дээр гардаг байлаа. Үүнтэй танилцаж судлахад франц хэл маш их чухал байсан тул Г.Батсүх надад болон манай бөхийн холбоонд маш их үүрэг гүйцэтгэсэн гэж би үздэг юм. Олон улсын бөхийн холбооноос гаргадаг сэтгүүл, мэдээллээ авч түүн дээр маш хурдан яаравчлан очдогсон. Тэрбээр сэтгүүл, мэдээллийг авч маш тодорхой, учир начрыг нь бидэнд яг таг ойлгуулан орчуулж өгдөг. Энэ нь бидний ажил, тодотговол Мексикийн Олимпын бэлтгэл ажилд маань ихэд тус болсон юм.
1968 оны Мексикийн Олимпын наадамд Монголын баг оролцох нь тодорхой болж, Олимпод оролцох багийн бүрэлдэхүүнд франц хэлний орчуулагчаар Г.Батсүх оролцсон. Тэр Монголын багийн зам тээврийн асуудал, ялангуяа Францын “Air France” компанийн онгоцоор манайхан очиж, ирэх гээд Москва, Парис хотуудаар дайрч өнгөрөхдөө тэндээ байрлах 2-3 хоног мөн билетийн хөнгөлөлт гээд ярвигтай олон асуудлуудыг шийдэхэд биечлэн оролцож байлаа. Энэ нь бүр 1967 онд Олимпын наадмын урьдчилсан тоглолтоос эхэлсэн түүхтэй. Олимпын наадамд тамирчид өндөр амжилт гаргадаг нь хүн бүхэнд ойлгомжтой. Тэд өөрсдийн хүч чадал, оюун ухааны дээд зэргийнхээ боломжийг үзүүлдэг. Гэвч энэ зорилгод хүрэхэд дасгалжуулагч, эмч, шүүгч, орчуулагч гээд бусад олон ажилтнуудын хувь нэмрийг тэр болгон манайхан мэддэггүй юм аа... Энд миний бие нэг баримтыг дурдмаар байна.
1968 оны 10 дугаар сарын 19-ний өдөр. Мексик. Мехико. XIX Олимп. Тэмцээний хоёр дахь өдөр. 52 кг-ийн жинд манай Ч.Дамдиншарав гуравдугаар тойрогт Италийн бөх В.Грасситай оноолт таарч барилдаан эхлэнгүүт 3:0 оноогоор ялж явтал В.Грасси гэнэт “Тайм-аут” авч дэвжээний шүүгчид гомдол гарган Монголын бөх миний гарын хурууг гэдрэг нь нугалан дарсан гэж мэдүүлэв. Ч.Дамдиншарав “Би тийм үйлдэл хийгээгүй” гэв. Ингээд нөгөө нөхөр гараа барин дээшээ харан хэвтэж маягласан. Барилдаан тодорхой бус шалтгаанаар тасарч, дэвжээний ахлах шүүгч Валентин Бати (Румын) манай бөхийг хасах шийдвэр гаргасан юм.
Бид нэг ёсондоо бүгд “шок”-т орлоо. Ингээд дарга нар сандарч эсэргүүцлээ илэрхийлэв. Тэр үед манай багийн бүрэлдэхүүнд багтаж явсан Дашдаваа учрыг нь ойлголгүй сэтгэлийн хөдөлгөөнөөр В.Батийг “нохой гахай”-д нь хүрч оросоор хараал тавьсан юм. Тэр румын хүн учир хараалыг нь сайн ойлгож байгаа. Дасгалжуулагчийн хувьд би Г.Батсүхийг дагуулан уг шүүгч дээр очлоо. Би В.Батийг урьд нь мэддэг байсан юм. Тэрбээр франц хэлээр маш сайн ярьдаг. Бид алдаа гаргаснаа зөвшөөрч манай бөхийг тэмцээнээс бүр мөсөн хасаж болохгүйг учирлан гуйлаа. Тэд франц хэлээр ярилцан ойлголцож байгаа бололтой. Ч.Дамдиншарав цэвэр ялагдал хүлээж дараагийн барилдаанд барилдах боллоо. Энэ нь манай бөхөд маш хүнд туссан. Учир нь торгуулийн 6 оноо авахад тэмцээнээс хасагддаг журам байлаа шүү дээ. Ч.Дамдиншарав 5 торгуулийн оноотой дараагийн тойргуудад хоёр цэвэр ялж, нэг ялагдан Олимпын анхны хүрэл медалийг эх орондоо авчирсан гавьяатай тамирчин билээ. Миний бодлоор бол аливаа жижиг зүйлийг хүн нэг их ойшоодоггүй ч тэр жижиг зүйл нь том гавьяа байгуулахад асар их нөлөөлдгийн нэг жишээ баримт энэ болов уу. Энэ медалийг авахад Г.Батсүхийн франц хэлээр тэр бүх маргааныг сайн орчуулсны ач гавьяа байсан гэж би хувьдаа бодож явдаг юм.
Бас нэг сонирхолтой бөгөөд сургамжтай үйл явдлын тухай өгүүлье. 1969 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Аргентин улсын Map дель Плата хотноо зохиогдсон юм. Бид Улаанбаатар – Москва – Парис – Дакар – Рио де Жанейро – Буэнос Айрес – Map дель Плата хүртэл онгоцоор нисэж очлоо. Тэмцээн ч яах вэ, ёсоороо явагдаад дуусав. Бид Буэнос Айрес хотын нисэх буудлаас буцах боллоо. Тэмцээнд оролцсон баг тамирчид нэгэн зэрэг нисэх байлаа. Гэтэл манай ачаа тээшийг онгоцноос буулган авчирдаг юм байна. Бид учир явдлыг асуухад “Та нөхөд Москвад суугаа Аргентины элчин сайдын яамнаас манай улсад зөвхөн орох л виз авсан байна. Харин гарах визгүй тул та нар дүрвэгсэд байна” гээд биднийг саатуулав.
Бид мөн их сандарч билээ. Ядахдаа тэнд Зөвлөлтийн ЭСЯ ч байхгүй. Монгол улсын тухай ямар ч ойлголтгүй, Москватай холбоо барих аргагүй байлаа. Хотын нэг зочид буудалд дөрөв хонолоо. “Хэлгүй бол хөлгүй” гэдэг л болсон. Манай багийн орчуулагч Г.Батсүх хэдэн өдөр “Air France” компанийн нөхөдтэй ярилцаж сая л нэг Буэнос Айресаас Парис хотноо ирж яг л гэртээ ирсэн мэт санаа амарч билээ...
Манай Г.Батсүх Монголын баг, тамирчдын төлөө чин сэтгэлээсээ зүтгэдэг сайхан эр хүн гэж бидний ахмад тамирчид дурсан ярьдаг юм. Хожим нь түүний хүү Б.Энххуяг гэдэг залуу эцгийн уламжлалаар спортод элэгтэй хүний нэг болсон. Тэрбээр Монголын Чөлөөт бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн болж манай олон тамирчныг сэтгэл санааны үүднээс туслан дэмжиж “Афин-2004” Олимпын наадамд оролцож явсан”.
“Monsieur таны дурсгалд” ном. 2007 он. 35-36 дугаар тал.