"Zhaojun hotel"
Өнөөдрийн Нэр
2024-08-12
Хөххотод хэд хоносон буудлын үүдний туурганаа монгол гэмээр цэрэг цуух, эмс охидын дүр дүрслэл үзэгдэх нь учиртай аж. Буудлын нэр "Zhaojun hotel". Энэ хүндлэн залсан их хөөмөлд голлон буй, хөгжим барьсан бүсгүйн нэр Ван Жаожүнь. Нийтийн тооллын өмнөх гучин хэдэн онд Хан улсын хаанаас Хүннүгийн шаньюйд иржээ. Тэр эр нь Модун хаанаас хойш 12 дахь үеийн шаньюй аж. Хүн улсын хүчин нэлээн буурч, өвөр зуураа алалдан Хан улсаас өмөг авч нэг нь нөгөөгөө даран байж улсын эзэн суусан нь энэ Хуханье шаньюй байна. Жаожүнь нь лав хоёр хааны үед Хүннүгийн ордонд суусан, хожим эртний Хятадын "Дөрвөн гувай"-н нэг болж алдаршсан бөгөөд түүнийг магтсан үлгэр домог, дуу хөгжим, шүлэг найраг түүхэнд хэдэн зуугаараа гарчээ. Өнөө цагт гарсан зохиол ном, кино, жүжиг хэд ч байгаа юм. Буудлын үүднээс гадна, хонгилд ч Жаожүнийг дүрсэлсэн зураг хөрөг нэг бус үзэгдэнэ. Энэ нэг бага зурагт, морь хөтөлсөн монгол дээлтэй эр буй нь зураач бээр Хүннүгийн хааныг сэтгэлдээ харснаа үзүүлж буй хэрэг биз. Буудал бол цэвэрхэн, тохитой, их үнэтэй биш, хотынхоо төвд, бууж байгууштай сайхан газар байна аа.