images

"Хуучраагүй жинс"


   Монгол улсын Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа олонд танигдаж гарч ирэх үедээ буюу 1997 онд энэ дууг дуулжээ. Дууны аяыг продюсер Б.Ангирмаа хийсэн бол шүлгийг яруу найрагч Д.Ган-Очир бичсэн байна. Дуучин Т.Ариунаа энэ тухайгаа "Миний бие цорын ганц хуучирдаггүй дуутай. Энэ дуу маань тухайн үед цорын ганц хувцасны тухай дуу байлаа. Одоо ч жинсний тухай дуулагдаагүй л байна. Мөн энэ дуу эрх чөлөө, эв нэгдэл, эрч хүчийг илтгэсэн уран бүтээл гэж ойлгодог. Би ч тухайн үедээ жинсэнд ид дурлаж байнга өмсдөг байв. Энэ дууг аялаад гудмаар алхах жийнстэй залуус их л олон харагддаг байж билээ" хэмээн Фэйсбүүктээ бичиж байжээ. Харин яруу найрагч Д.Ган-Очир "Дуурсахуйн дуун боть" номдоо “Энэ дууг бичсэнээс болж намайг “Цамцаа тайл", “Хуучраагүй жинс” гэх мэт өмд, гутлын тухай дууны шүлэг бичиж байна. Дууны урлаг гутаасан түүнийг хатуу арга хэмжээ авах хэрэгтэй гэж шүүмжилж билээ. Тэр үг надад хамгийн сайхан шагнал шиг байсанд маш их баярласан. Дуугаа зохиохдоо би эрх чөлөө гэж юу байдгийг бусдад, залууст мэдрүүлэхийг хүссэн юм” гэжээ. Анх продюсер Б.Ангирмаа яруу найрагч Д.Ган-Очирт санал тавьж “Сонор” дуу бичлэгийн студи дээр найруулагч Н.Халиунтай гурвуул уулзаад аялгууг нь сонсуутаа шууд бичиж байжээ.