Хөх даалимбан тэрлэгийн учир
Өнөөдрийн Хууч
2024-08-12
Яруу найрагч Дэндэвийн Дүрэвдорж “Хөх даалимбан тэрлэг” найраглалаа хэрхэн бичсэн талаараа ийн өгүүлжээ.
“1963 оны өвөл. Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж байсан оюутан ахуй цаг юмсан. Өвлийн амралтаар нутаг буцах болж аян замын гараа, бариа олонтаа болсон Ярославын буудлаас галт тэрэгний нэгэн бүхээгт хошууч генерал Цэрэндорж гуай, Халх голын дайнд оролцсон ахмад комиссар, хурандаа Пэлжээ гуай хоёртой аян замын ганзага нийлсэндээ би тун олзуурхав. Сибирийн урт замыг туулахад түшигтэй сайхан ах нартай гал нийлж, басхүү юм үзэж нүд тайлсан хүмүүсээс сонин сайхан зүйл сонсох хувь тохиосонд би тийнхүү олзуурхсан хэрэг. Үнэхээр миний санаа сэтгэлчлэн бүтэж билээ. Тав хоногийн аян багагүй боловч сонь буурахааргүй сайхан хууч дэлгэж газар товчилсон санагдана. Бага залуугийн гэнэ томоогүй явдлаас эхлээд эр цэрэг, дайн тулаан, энэ орчлонгийн элдэв явдлыг эргэцүүлэн хүүрнэж явлаа. Тийн ахул “Хөх даалимбан тэрлэг” оёх утасны учгийг би энэ аянаас олж татсан юм.
“Халх голын дайны үед фронтод дайтаж явсан цэрэг эрчүүдэд ар гэр, амраг садан, албан үйлдвэрийн газрын албан хаагчдаас үй олон захидал ирж дайснаа дарж дархан цолоо мандуулж ирэхийг ерөөдөг байв. Тодорхой нэр хаягаас гадна “... дугаар ангийн дайчдад” гэж хаягласан захидал ирдэг байсан. Тэр ч байтугай сайхан дээл илгээдэг байлаа” гэж тэд хуучлав. “Дээл гэнэ ээ. Ямар сайхан сэтгэл, яасан их итгэл хайр вэ?” Би ийнхүү дээлийн учгийг олов. Гэвч энэ дээлийг хэн хүний үр хэнд зориулж ямар эдээр хийсэн, эзэн хэр эдэлсэн гэх зэргээр мөшгөн бодож олох оньсого тайлах хэрэгтэй болж билээ. Үнэндээ би уг дээлнээс учир холбогдлыг ургуулан бодож олон жил мунгинасны эцэст 1969 онд уг найраглалыг бичиж билээ.
Юуны урд сайхь дээлийг оёсон эгэл сайхан монгол бүсгүй, эр цэргийн журамт гэргийн дүрийг оноож олсон маань дээр өгүүлсэн учгийг зөв татах шижим болсныг хэлэх хэрэгтэй. Нэгэн жишээг хэлье. Эхлээд би зохиолоо “Цэнхэр чисчүү тэрлэг” гэж нэрлэв. Энэ нэр чихнээ сонсголон, нүднээ содон санагдсаныг яана. Гэтэл цэргийн гэргий “Надад тийм сайхан чисчүү дээл байхгүй, хөх даалимба л бий. Миний нөхөр эгэл малчин. Ажил, гоёл хоёрын аль алинд нь таарах даалимбан дээл л хийнэ. Тэгэхдээ өнө мөнхийн бэлгэдэл болсон хөх тэнгэрийн өнгөтэй даалимбан дээл хийнэ” гэх шиг болж билээ. Ийнхүү тэр бүсгүй намайг эс сонсон даалимбан дээл эсгэсэн юм. Бүсгүйг ийнхүү дээлээ эсгэхэд нь түүний бодлыг би сэтгэл зүрхээрээ чагнан буулгаж билээ. Магадгүй үүний хүчинд л чухам дээл эсгэж буй тэр хэсэг арай оновчтой болж монгол бүсгүйн дүр түүний сэтгэлийн орчлонг нээн үзүүлэхэд гол судас болсон болов уу гэж санана. Найраглалын нөгөө нэгэн амин судас буюу өрнөлийн цэг нь хадам эцэг сумын төвөөс эмээлтэй морь хөтлөн ирж буй хэсэг юм. Энд би зохиолынхоо баатарт өөрөө уусан шингэсний хүчинд “төмөр дөрөө ёолон харших”-ыг сонссон билээ. Найраглалын нэвтрэн гарах санаа нь дайны гай гамшиг. Чухамхүү энэ улаан шугаманд л үйл явдлыг үүсэл, өрнөлийг түшүүлэн холбохыг би хичээсэн. Тэгэхдээ үйл явдлыг Халх голын фронтын галын шугамд бус ар талд өрнүүлсэн нь бас учиртай. Харийн дайсан халдаад ирсэн тэр цагт бүх орон даяар нэгэн сэтгэлээр эх орноо өмөөрөн боссоныг харуулахыг зорьсон юм. Нэг удаа уншигчдын уулзалт дээр “Та яагаад найраглалынхаа хайртай баатрыг үхүүлчихсэн юм бэ?” гэж асууж билээ. Тэгэхэд би “Үгүй ээ би үхүүлээгүй, дайснууд түүнийг минь алчихсан юм” гэж хариулснаа санаж байна. Ялалт их үнээр олдсон. “Асар их үнээр олдсон аз жаргалаа хамгаалж яваарай” гэсэн эхийн бүүвэйг үр ач минь үүрд санаж яваасай гэж би хүссэн юм”.
“Монголын уран зохиолын дээжис”. 11 дүгээр боть. 196-198 дүгээр тал.