images

Номын ид шидээр До яамны гараас мултарсан нь


   Энэ хачирхалтай явдал гучаад оны хэлмэгдүүлэлтийн үед болсон байна. Хүрээ хийдэд олон жил шавилан суусан Гэпил хэмээх лам ер бусын ид шид, увдисыг эзэмшсэн хүн байжээ. Тэрбээр хийдийнхээ толгой лам нарын нэг байсан тул Дотоод яамныхан хамгийн түрүүнд Гэпилийг хэдэн том лам нарын хамт барьж хорьсон байна. Гэпил гавжийн олон зуун малыг хувьсгалчид хураан авч ядууст тараан өгснөөр тэрбээр ердөө л таван ханатай гэр, хэдэн баринтаг номтойгоо хоцорчээ. До яамныхан хар гэрт хоригдож байсан том лам нарыг ээлж дараалан байцааж буудан хороосоор Гэпил гавжийн ээлж болов. Гэпил гавж нөхдөдөө "Би ч яахав, Утай, Гүмбэнд хэдэн жил далдын ид шид сурсныхаа ачаар амьд мэнд гарчихна. Та нар минь л хайран байна даа. Энэ ид шидийг та нарт зааж өгөх цаг хугацаа даанч алга” гэж халагладаг байжээ. Ингээд нэгэн өдөр буутай цэрэг ирж түүнийг туун одсон байна. Байцаалт авч байсан гэр нь хар гэрээс нэлээд зайтай ажээ. Гэпил гавж зориуд удаан явж, өөрийгөө бясалган тарнидаж эхэлсэн байна. Буутай цэрэг түүнийг хурдан яв гээд бууныхаа бөгсөөр ёворчээ. Эхний удаа ёвроход бууны үзүүрт Гэпилийн махан бие мэдрэгдэж байв. Гавж зориуд орхимжоо толгой дээгүүрээ нөмөрч удаан явсаар байв. Хөдөлж цөхөх түүнийг өнөөх цэрэг дахин бууныхаа амаар ёвроход итгэмгүй зүйл болж, бууны үзүүрт Гэпил гавжийн лам дээл, орхимж хоёр нь өлгөгдөн хоцорч бие нь алга болжээ. Өнөөх цэрэг жигтэйхэн сандарчихсан амьтан До яамны төлөөлөгч дээр гүйж ирэн болсон явдлыг ярьж, өөрөө том толгой ламыг алдсан хэрэгтээ хэд хоног хар гэрт хоригдлоо. Удалгүй ямар ч гэм буруугүй өнөөх цэрэг хувьсгалын эсэргүү том ламтай хуйвалдсан, түүнийг зориуд оргуулсан, японы тагнуул, ардын дайсан, хувьсгалын эсэргүү хэргээр арван жилийн хорих ялтайгаар шорон руу цөлөгдсөн байна.

   Тэгэхнээ Гэпил гавж номын ид шидээр ийнхүү хэдэн өдөр алга болоод долоо хоногийн дараа нутгийнхаа нэгэн айлд ном айлдан, цай хоолоор дайлуулаад сууж байхад нь улаан коммунист нэгэн эвлэлийн гишүүн тааралджээ. Эвлэлийн гишүүн тэр дороо До яамны төлөөлөгчид энэ тухай дуулгахад төлөөлөгч буутай хоёр цэрэг дагуулсаар яаравчлан давхиж ирсэн байна. Морьдын төвөргөөнийг алсаас сонссон Гэпил гавж гэрийн эзэнд "За хө, миний эрлэгүүд намайг баривчлахаар ирж явна. Үтэр түргэн явах минь” гэжээ. Гай болж тэр айлд уналгын бэлэн морь байсангүй. Хүү нь ганц морио унаад хониндоо явсан байв. Гавж гэрээс гаран хойд уулын энгэр рүү хар гүйхээрээ алхлаа. Гэрийн эзэн, эзэгтэй хоёр гавжийн араас маань уншин залбирч "Хөөрхий минь сайн лам байсан юмсан. Ингээд эрлэгүүдийн гарт ордог байж дээ” гэлцэн зогсож байв. До яамны төлөөлөгч хоёр цэргийнхээ хамт тэртээ холоос "Зогс, буудлаа шүү” гэж хашгирсаар Гэпилийн араас ухасхийв. Гавжийг айлгах санаатай толгой дээгүүр нь хоёр ч удаа хий буудаж, гавж тэдний буудахыг юман чинээ тоолгүй цааш хурдлан алхсаар байж. Нэхүүл гурав хар хурдаараа давхисаар Гэпил гавжид зуугаад метр ойртоод байтал үнэхээрийн гайхалтай юм болж, харсаар байтал гавж гэнэт тарвага болж хувираад нэгэн нүх рүү гүйгээд орчихов. Хөөж явсан гурав ч нэл гайхаж хоцорчээ. Тэд тарваганы нүхийг баахан сахиж байгаад аргаа баран явж одсон байна. Гэпил гавж ийнхүү алга болох, амьтан болж хувирах ид шидээ хэрэглэж явсаар энэ их эрдмийг эзэмшсэн Утай, Гүмбэндээ очиж өндөр наслаад бурхны орондоо одсон гэдэг.

Эх сурвалж:www.budda.mn

Нүүр зургийн эх сурвалж: “Хүний эрх: Хэлмэгдүүлэлт бай цагаатгал” сэдэвт гар зургийн уралдаанд оролцогчийн бүтээл