images

Ганцаараа 500 адуу тууж говийн угалзан шуурга сөрсөн минь


   Ховд аймгийн Манхан сумын харьяат Бүдүүн Магнай хэмээх эр байжээ. “Бүдүүн” гэдэг бол хоч, харин жинхэнэ нэр нь Жамбалын Магнай. Нүсэр том биетэй болохоор ийн хочилсон хэрэг. Ж.Магнай гуай давгүй сайн барилддаг, наадмын барилдаанд дээлтэйгээ гарч ирээд төвөггүйхэн түрүүлдэг байж. Мал хөрөнгө арвин тэрбээр 1950 оны мал тооллогоор 2092 толгой мал, 1951 оны тооллогоор 2310 толгой мал тоолуулж байжээ. Баруун хязгаарыг Оспаны дээрэмчид түйвээж байх үеэр тэрбээр эхнэр хүүхэд, мал ахуйгаа ууланд дүрвүүлж гаргаад өөрөө гэртээ ганцаараа хоцорсон байна. Удалгүй хасгийн дээрэмчид гэрт нь орж ирэхэд “Өө та нарыг манайхан ирж байгаа юм болов уу гэж бодлоо” гээд ажиг ч үгүй шилээ хөдөлгөн суниаж суужээ. Хасгууд нь тийм нүсэр том эрийг хараад олуул дайраад ч дийлэхгүй  гэдгээ мэдэн үг дуугүй явж одсон гэдэг.

   Ж.Магнай гуайн зээ хүү Хумын Цэрэндорж гэх цэрэг армиар алба хааж явсан ануухан эр одоо залуустай мөр зэрэгцэн ажил хөдөлмөр эрхлэн гялалзаж явна. Х.Цэрэндорж гуай цэргийн алба хааж байх үедээ өөрт тохиосон амаргүй нэгэн тохиолыг эр зориг, тэсвэр хатуужлаар даван гарсан тухайгаа манай сайтад ийн хуучилсан юм.

   “Би 1976 онд Зүүнбаянд түрүүч цолтой цэргийн алба хааж байтал нэг өдөр ангийн штабын ахмад Цогтоо дуудаад Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаас цэргийн хүнсэнд зориулсан 500 адуу тууж ирэх үүрэг өгөөд миний туслахаар гурван цэрэг өглөө. Ингээд гурван цэргийн хамт заасан газарт очиж 500 адуу ялган туугаад буцлаа. Гэтэл нэг оройхон говийн угалзан шуурга нүүр нүдгүй шуурч эхлэв. Намар цаг, есдүгээр сар гарсан байсан тул нэлээд хүйтэн байна. Араас биднийг ангийн ар талын орлогч хошууч Сангидорж, бригадын малын эмч, адуучин хоёр цэрэг  зэрэг хүмүүс машинтай дагаж явсан юм. Лхамсүрэн гэж байлдагч бид хоёр адуу тууж явлаа. Шуурга эхлэнгүүт юу ч харагдахаа больж, араас дагаж явсан машин ч сураггүй болов. Лхамсүрэнгээ дуудаад хоёул адуугаа алдахгүйн тулд тойрч давхиад хумиж эргүүлсээр байлаа. Сүүлдээ дуудаад дуу ч сонсдохгүй болов. Ингэж явтал араас явсан машин бараа сураггүй, хамт явсан цэрэг ч хаачсаныг мэдэхгүй алга болж, харанхуй шөнө цэлийсэн тал дээр 500 адуутай ганцаараа үлдсэн байлаа. Шөнө дундаас угалзан шороон шуурга бороон шамарга болж хувираад нүүр нүдгүй усан бороогоор нүдэж гарав. Ямар ч байсан адуугаа алдаж болохгүй, өөрөө эндэж осолдож болохгүй гэсэн бодол толгойд эргэлдэнэ. Адуугаа алдана гэдэг бол дивиз цэргийн хоол хүнс алдана гэсэн үг. Жолоо цулбуур, уурга барьсан гар маань бээрээд тэнийхээ больжээ. Бороон шамарган дунд гутал дорхноо усаар дүүрэх тул морин дээрээсээ тонгойгоод гутлаа тайлаад усыг нь шавхаж асгаад эргүүлээд өмсөнө. Адуу шамарганд туугдан уруудах тул урдуур нь хөндлөн давхиж эргүүлэн “хаая, хүүе” гэж гуугачсаар байтал сүүлдээ дуу ч гарах тэнхэлгүй болж байв. Буугаад уургаа сугандаа хавчуулаад морио хөтлөөд гүйж хүртэл үзлээ. Морь минь их тэнхээтэй сайн адуу, намайг хөдөлсөн зүгт дагаад шогшино. Олон газраас цуглуулж авсан ижил буруу адуу болохоор тарж тасарч явчих гээд болдоггүй. Зүг чигээ алдсан тул адуугаа тойрч эргүүлээд зогсоо зайгүй холхисоор үүр цайлгасан юм. Ингээд өглөө болсон хойно нэг худагны дэргэд ирээд нөмөрлөж зогстол адуун дундаас нэг морь намайг үнэртээд дөхөөд ирэхээр нь аргалж хөлд нь сууж байгаад барьж аваад морио сольж уналаа. Ингэхдээ бас зангий нь мэдэхгүй морь булгиж туйлаад намайг явгалчихаж магадгүй гэж бодоод унаж байсан морио тавилгүй нөгөө морио эмээллэж мордож үзсэн хойноо морио тавьж байгаа юм. Тууж явсан адууныхаа багцааг харахаар ямар ч байсан бүгд байгаа бололтой. Ингээд ямар ч байсан газрын баримжаатай болсон хойноо адуугаа туугаад явж байтал нэг худаг тааралдав. Яваад очвол нүүр гарын савангийн хэлтэрхий ч харагдах шиг, хүн ирдэг устай худаг бололтой. Шөнөжин нойргүй явж ядарсан болохоор ам цангаж байна гэж жигтэйхэн. Худгаас ус уух гэтэл эргүүлдэг гар нь байдаггүй, яаж ус татах арга нь олдсонгүй. Жаахан цаашлаад хоёр гүвээ давтал нэг энгэрт сүрэг хонь харагдаад, дахин нэг гүвээ давтал тав зургаан айлын гэр харагдлаа.

   Нөгөө айлуудад яваад очтол урд шөнө манай дарга нар машинтай намайг хайж сураглаж ирээд явсан гэнэ. Айлын хүүхдийг гуйж адуугаа харуулаад тэр айлд жаахан саатаж амарч авлаа. Айлын эхнэрийн чанаж өгсөн нэг данх цайг дуустал уусан байдаг юм. Угалзан шуурганд дайруулж төөрснийхөө урд өдрийн шөнө би адуугаа манаж хонохдоо орой хоол идэлгүй унтаад өгсөн болохоор дахин нэг хоноод шөнөжин адуутай хөөцөлдөөд өглөөтэй золгосон болохоор өлсөж байна гэж жигтэйхэн. Данх цай дуустал уугаад жаахан дугхийж амарч аваад, айлын хүнээр Сайншандын зам заалгаж, адуугаа туугаад замдаа гарлаа. Орой болтол жаахан зам хороогоод авъя гээд адуугаа ширүүхэн туусаар явтал өдөр өнгөрч бүрэнхий болохын өмнөхөн манай дарга нар урдаас машинтай намайг тосч ирсэн юм. Тэд надад бууз хийгээд аваад ирсэн байв. Нээгээд үзвэл муудаад үнэр орчихсон байсан тул идсэнгүй. Ингээд цэргийнхээ майхандаа ирж хоолтой залгасан. Нөгөө надтай хамт явсан байлдагч Лхамсүрэн сураггүй. Хэд хоногийн дараа ирсэн л дээ. Хариуцлагагүй нөхөр дайны үед бол нөхдөө хаяад зугатаад явснаас ялгаа юу байх билээ. Адуунаасаа төөрч зүг чигээ алдаад мориноосоо салахгүй гэж мунгинасаар байгаад үүр цайлгасан гэж ярьсан юм. Одоо би боддог юм. Намайг айлд амсхийж амрах хооронд адууг минь харж өгч байсан хүүхдүүд одоо тавь гаруй насны хүмүүс байх ёстой. Тэднийг олж уулзах сан гэж бодоод би ноднин армийн “Дөл” сонинд энэ тухайгаа бичээд, хэрэв миний бичвэрийг олж уншвал холбоо барихыг хүссэн юм. Одоогоор сураг чимээгүй л байна. Ингэж армийн хүнс тасалдуулалгүй адуугаа тоо бүрэн, толгой мэнд хүлээлгэн өгч, дааж авсан үүргээ нэр төртэй биелүүлснээ би баатарлаг үйлс гэж бодож явдаг даа.”