Сайн хүлгийг туурайн чимээгээр таньсан нь
Өнөөдрийн Хууч
2024-06-11
Боржигон цэцэн вангийн нутагт морь сайн таньдаг Ганжуур гэдэг хүн байжээ. Тэрээр нэг удаа гэртээ нэлээд халамцуухан сууж байтал нохой хуцаж морин төвөргөөн сонсогдов гэнэ. Ганжуур хүүхдүүддээ хандан “Сайн морины туурай дуугарав. Гарч харцгаа” гэжээ. Гэтэл тэднийд олон морь хөтөлсөн аяны хоёр хүн ирсэн байна. Аяны хүмүүсийг цай уух зуурт Ганжуур гарч морьдыг харжээ. Холбоотой хоёр адуу нүдэнд нь онцгой туссан тул эргэж орж ирээд адууны наймаа хэлэлцээд хөтөлж яваа хүрэн гүүг нь худалдаж авмаар байгаагаа хэлсэн байна. Тэгээд “Аяны улс та нарт хэрэг болно. Гадаа уяан дээр байгаа гурван сайхан морийг минь унаад яв даа” гэжээ. Аяны хүмүүс ч уухайн тас зөвшөөрч өгч, авалцаад яваад өгч. Тэднийг явсаны дараа Ганжуур ”Энэ хүрэн гүүний гэдсэнд ганц хурдан хүлэг бий дээ. Үүнийг л авах гэж гурвын гурван сайхан морио өглөө” гэхэд хүүхдүүд нь зэмлэж “Та амьд адууны гэдсэн доторх адууг яаж мэдэв” гэж гурван мориндоо харамсахад Ганжуур, “Сав нь сайн юм билээ. Унагалж байгаагүй эрмэг гүү хээл авсан байна. Аз байвал ажнай хүлэг төрөх биз” гэжээ. Хойтон жил нь хүрэн гүүнээс хэнз хүрэн унага гарч гэнэ. Хэнз хүрэн даагандаа хурднаа гайхуулж хол тасархай түрүүлж иржээ. Хурдны их нь даага, соёолондоо гэдэг. Ингээд Хэнз хүрэн олон түрүү авч эзнээ баярлуулсан аж. Хожим Хэнз хүрэн хөгшрөөд Баян айргийн нуруунд зогсоогоороо үхсэн гэдэг. Эхлээд эзэн нь хөгширч зөнөөд адуу гүйцэхгүй ганцаараа уулын энгэрт зогсоод байна гэж бодоод очтол хамраас нь ус гоожиж газарт хүртэл мөсжин тогтоод дөрвөн хөл нь хөшиж хөлдөж хоцорсон байсан гэдэг.
Эх сурвалж: Монголын морин спорт уяачдын холбооны цахим хуудас.