images

Өвгөн анчны хууч яриа


Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Н.Даваадаш өвгөн анчинтай танилцаж хөөрөлдсөн тухайгаа ийн өгүүлжээ

   “Миний бие 2013 оны аравдугаар сард өвчний учир нэгдүгээр эмнэлэгт нэг бузгай өвгөнтэй хэд хонов. Өвгөн хэдийгээр цус харваж тал нүүр нь татсан ч ухаан санаа саруул үзсэн харснаа ярих нь бузгай хүн байлаа. Нэр нь Түндэвийн Адъяа гэнэ. Би, анхандаа гаднаас нь хараад төв газар удаан жил амьдарч, төр засгийн алба хашиж явсан хуучин цагийн улаан коммунист л байна даа гэж бодож байлаа. Эхнэр нь гэж өөрөөс нь олон дүү байрын залуухан хүүхэн өдөр болгон унд хоол зөөж, өвгөний үгээр хөдөлнө. Халамжтай гэж жигтэйхэн. Нэр нь Алтанхүү гэх аж. Хэвтсэн даруйд нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар их эмч Г.Нямхүү, төрийн шагналт хүний гавьяат эмч Д.Нямсүрэн нарын нөхөд нь эргэн ирж биеийн байдлыг асуун,  ихээхэн элэгсэг дотно хандаж “бага амьтан” биш гэдгийг нь тодотгоод өгөв. Гавьяат эмч Д.Нямсүрэн бүр “Би өөрөө гардаж эмчилнэ” гэх сонсогдлоо. Ийм л маягаар  Адъяа гуай бид хоёрын палатны амьдрал эхлэв. Өвгөн уг нь Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын уугуул аж. Бид хоёр нэг аймгийн хүмүүс гэдгээ мэдсэнээс хойш хэн хэнээ ойлгож яриа хөөрөө өрнөөд явчихлаа. Т.Адъяа гуай маань хуучин тогтолцооны үед Гадаад худалдааны яаманд ан агнуур хариуцсан мэргэжилтнээр олон жил ажилласан ангийн мэргэжилтэн, нэртэй анчин хүн байв. Гадаадын жуулчдыг ан хийлцэх, гэрээ байгуулах, үнэ ханшийг тогтоох, ангийн отог байгуулах, агналтад хяналт тавих, дэлхийн анчидтай холбоо тогтоох, монгол ан агнуураа сурталчлах гээд олон ажлыг гардан гүйцэтгэж байжээ. Тэгэхдээ  албаны шаардлагаар бүх ажил хэргээ англи хэлээр хөтлөн явуулдаг цөөхөн орчуулагч мэргэжилтний нэг байсан аж. Түүний явсан газар, үзсэн зүйл гэж тоймгүй. Ярьсан хөөрсөн болгон нь амьд домог. Товчоор хэлэхэд монголын бахархал. Ийнхүү нэрт анчин, агнуур зүйч Түндэвийн Адъяа гуайгаас сонссоноо илүү  чимэг хачиргүй дор сийрүүлэв.”

Дэлхийн том анчидтай танилцаж явлаа

   “Би ажил төрлийнхээ онцлог болон хувь чанараараа дэлхийн том анчидтай танилцаж, заримтай нь их ойр дотно харьцаатай байлаа. Хамгийн том нь гэхэд АНУ-ын Ерөнхийлөгч асан өвгөн Буш,  Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер, Ираны шах нар шив дээ. Дэлхийн анчдын холбооны дээд шагнал “Дэлхийн ангийн ертөнцийн амьд домогтон” цолыг өвгөн Буш бид хоёр хүртэж байлаа. Энэ шагналыг авсан хүн дэлхийд цөөхөн шүү. Мөн өвгөн Буш бид хоёр Дэлхийн ангийн холбооны хүндэт гишүүн болж их ойр дотно байсан. Би дэлхийн сайн анчин нөхдийн тус дэмээр АНУ, Канад, Бразил, Шинэ Зеланд, Швейцар, Тажикстан гээд олон оронд ан хийж явлаа. Дэлхийн том анчид баян гэж жигтэйхэн, хувийн онгоцоороо анд явна шүү дээ. Хэд хэдэн нөхөр маань намайг онгоцоороо ан хийлгэж байсан. Шинэ Зеландад би онгоцоор явж ямаан гөрөөс гэгчийг агнаж байлаа. Янгираас өөр төрлийн гөрөөс байдаг юм. Мөн Памирын нуруунд Марко Поло хэмээх цагаан тэх агнаж байсан. Тэгэхэд би Америк, Австралийн хоёр  нөхөртэйгээ гурвуул явсан юм. Памирын нуруунд газар хөдөлж нуралт үүсэн зам боогдоод нэг малчнынд гурав хонож билээ. Ямааны сүү, бин хоёроор харамгүй дайлж байсан сан. Гадаадын анчид чинь бие сайтай, зориг тэвчээртэй, буу эзэмшихдээ онцгой хүмүүс байдаг юм. Нэг л онилсон бол ангаа унагана шүү дээ. Надад сайн анчидтай нөхөрлөж явсны дурсгал болсон бэлгийн 10 буу бий. Дэлхийн л ангийн шилдэг гэгддэг буунууд. Улс төрийн товчооны гишүүн сайд Майдар гуайд дурсгалын 16 буу байсан. Одоо үр хүүхдэд нь өвлөгдөн хадгалагдаж байдаг байх. Анчин хүнд буу гэдэг гайхамшигтай сайхан дурсгал болдог юм.”

Сайд нар ан их хийдэг байсан

   “Хуучин тогтолцооны үед дур сонирхлоосоо гадна эрх мэдлээ ашиглан сайд нар анд их явдаг байсан. Дээрээс өгсөн үүрэг даалгаврын дагуу би сайд нартай олон удаа анд явж байлаа. Тухайлбал Д.Майдар, Гомбожав, Телейхан, Ц.Дүгэрсүрэн, Лувсан, Д.Моломжамц, Авхиа нартай хэд хэдэн удаа анд авсан. Д.Майдар, генерал Б.Дорж, Авхиа нар сайн бууддаг байсныг санаж байна. Нэлээд сүүлд Авхиа генерал бид хоёр Бат хаан ууланд ан хийж ганц нэг гахай унагаж, ганзага мялааж байлаа. Сайд нар заримдаа онцгой хүнд даалгавар өгнө. Надад итгэж байсны илэрхийлэл байсан байх даа. Тэр үед гадаадын төрийн тэргүүнүүд ирэхэд ховор ангийн үс бэлэглэх сонирхол их байсан юм. Югославын Ерөнхийлөгч Борис Титог айлчлахад өмнө нь чимээгүй байснаа гэнэт гурав хамгийн дотор ирвэс агнаж ирэх даалгавар өгч билээ. Тэр үед би залуухан ч байж дээ. Өмнөговь руу яаравчлан давхиж Гурван сайханаас нэг сайхан ирвэс агнаж ирж уул даалгаврыг биелүүлж байж билээ. Ирвэсийг чинь агнах нь байтугай олж харахад ч бэрх ан. Муу буудвал амиа ч алдаж мэдэх хэрэг шүү. Баавгай бол түүнээс хэцүү ан.”

Хуучин тогтолцооны үед сайн анчин ховор байсан

   “Монголд ан агнаж амьдралаа залгуулж байсан уламжлал үгүй болж, социализмын үед нэртэй анчин цөөрсөн. Анчин цөөрөхөөр чинь ан амьтанг харж хандаж, хайрлаж хамгаалдаг хүн цөөрдөг юм. Анчин хүн чинь анг агнахын зэрэгцээ байнга хайрлаж хамгаалж байршилт, сэлгэлтийг нь ажиж, ямар гамшиг нүүрлээд байгааг нь мэдэж байдаг юм. Социализмын үед тош сахисан тарвага зурамны анчин л олон болсон. Буу зэвсэг нь калибрь  карбин зэргээс хэтэрдэггүй байлаа. Арай том буутай нь нь чоно агнаж байсан байх. Харин Хэнтий хавьд гайгүй анчид байсан шүү. Би Мөнгөнморьтод Оляшка гэдэг тун бузгай анчинтай танилцаж байлаа. Сүүлийн үед нэрд гараад байгаа Хурцгэрэл нарын хүмүүс бол дэргэд нь туршлага дутна. Харин Хурцгэрэл ан амьтдыг хамгаалах талаар сүрхий сайн ажиллаж байгаа. Төв аймгийн Жаргалантын Ногоон нуруугаар анд явахад Сахалт Майор гэдэг анчны тухай их ярьдаг байсан. Тэр нь торгуулийн 505 дугаар ангиас оргосон хошууч цолтой хүн байсан юм билээ. Онцгой мэргэн бууддаг, сайн анчин байсан юм билээ. Ан агнана гэдэг буу бариад харсан болгоноо агнаад явахын нэр биш. Тун үгүйдээ ямар нэг анг хараад л нас хүйс, ороо, байр байдлыг нь ялгаж чаддаг байх хэрэгтэй байдаг. Энэ чинь хоромхон зуур болдог хэрэг. Тийм учраас анчин хүнд хором бүхэн үнэтэй. Харж чадвал ангаа алдана. Бас амиа ч алдаж мэднэ.”

 Эх сурвалж: Zindaa.mn. Зохиолч Н.Даваадаш