Улс төрийн хилс хэргээс цагаадсан минь
Өнөөдрийн Хууч
2024-06-04
Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Г.Бирваа гуайн дурсамж
1967 оны хавар Баянхонгор аймгийн соёлын ордонд дуучид найрал хөгжимтэй сургууль хийхэд хожимдож ирсэн нэгэн дуучныг заамдаж аван загнаж байтал Ч.Лодойдамба сайд ороод ирж харчихаад инээд алдан “Бирваа чи танхайн хэргээр шүүхэд татагдах чинь дутаа юу? Уран бүтээлч хүнд их уян хатан хандаж бай” гэж захиж байж билээ. Сайд маань баруун чигийн аймгаар томилолтоор яваад буцах замдаа Баянхонгор аймгийн соёл урлагийн 10 хоногийн бэлтгэлийн явцтай танилцахаар аймагт ирж миний хөглөж байхтай тааралдсан нь тэр юм. Үүнээс хойш тун удалгүй зохиолч, найруулагч Л.Ванган аймгийн соёл урлагийн 10 хоногийн ажлын явцыг үзэж, зөвлөгөө өгөхөөр ирсэн юм. Буцахынхаа урд өдөр тэр “Өвөрхангай, Баянхонгор хоёр аймаг сайхан бүсгүйчүүд ховортой юм аа” гэхээр нь би “Яагаад ийм дүгнэлтэд хүрэв?” гэж асуухад “Өвөрхангайн декадыг бэлтгүүлж байсан. Одоо Баянхонгор аймгийн соёл урлагийн 10 хоногийн бэлтгэлтэй танилцлаа. Аль алин нь "тампуутай гурил дээр түлэнхий талх тавьчихсан юм шиг" хүүхнүүдтэй юм гээд инээж байна. Түүнээс хойш бид урлагийн авъяасыг нь төдийгүй бас бие бялдар, царай зүсийг нь харгалзан авъяастныг шалгаруулж авдаг болсон. Аймгийн соёл урлагийн арав хоногийн концертын нэгдсэн сургууль анх эхлэн хийж, сургуулилалт ид дундаа явж байтал сургуулиас хоцорч ирсэн нэгэн дуучин гэмших биш харин баясаж байгаа юм шиг халамцуу ирсэнд миний уур хүрч, заамдаж аваад, хөөж гаргасан. Тэгээд нийт уран сайханчдад хандаж, ажлаас хожимдох, ажил сургуулиа үл хүндэтгэх, ёс дэггүй явдал хэрхэвч гаргаж болохгүйг хатуу сануулж байлаа. Ингэж их уурласнаас болж миний өнөө гайгүй болж байсан зүрх тасалдах өвчин дахин хөдөлсөн. Эмч нар ирж үзээд хэд хоног ажлаа хийхгүй тайван байх акт бичлээ. Еренхий найруулагч Нямын Цэвэгмид багш намайг хот явж гэрийн асрамжинд хэд хоног байж биеэ эмчлээд ир гээд явуулав. Нийслэл хотод ирэнгүүт намын хянан шалгах хорооны ажилтан, улс төрийн хилс хэргийн талаар ажиллаж байсан Балдандаваа “Намын гишүүнчлэл, гавьяа шагналыг чинь эргүүлэн олгох хурал болох гэж байна. Маргааш өглөө намын хянан шалгах хороон дээр 10.00 цагт бэлэн бай” гэсэн их баяртай мэдээ дуулгасны дагуу дурдсан цагт нь очлоо. Гучин минут хүлээсэн тэр мөч мөн их удах шиг санагдаж билээ. Хуралд ороход Намын хянан шалгах хорооны дарга Лувсанравдан тэргүүтэй таван хүн байлаа. Лувсанравдан дарга "Г.Бирвааг улс орны хөгжил, хувь заяаны тухай задгай ярьж, цуурсан гэж шийтгэснийг хилс хэрэг болж гэж үзээд намын гишүүн, гавьяа шагналыг эргүүлэн олгохоор шийдвэрлэн, хилс хэргийг цагаатгасан тогтоол гарсан" гээд МАХН-ын батлах гардуулангаа, хоёр Алтан гадас одон, гурван медалийг үнэмлэхийн хамт өглөө. Миний хувцасыг өлгүүрээс авч ирсэн эмэгтэй хүртэл "Таны хилс хэрэг цагаатгагдсанд баяр хүргэе" гэж хэлэхээр нь би хязгааргүй баярлан Застийн одноос гарахад ногоон малгайтай (дотоод яамны) хүнийг үзэн яддаг үзэл бодол маань ор мөргүй арилсан байсан. Энэ үйл явдал надад шинэ нэр төр, шинэ амьдрал, шинэ ажил, шинэ уран бүтээлийн урам хайрласан юм. Энэ их баяраа дуурийн театрын хөгжмийн яаманд концертын сургууль хийж байсан эхнэртээ дуулгасанд миний шавь хөгжимчин Алтангэрэл, “Багш аа эхнэр чинь хөгжмийнхөө өрөөнд баярласандаа уйлаад сууж байна, ирж авна уу” гэж утасдахаар нь таксигаар очиж аваад гэртээ ирсэн. Тэр өдөр хань маань хүүхэд шиг мөн их баярлаж билээ.
Алдар овогт Соном-Ишийн Юндэнбат. “Хонгор нутгийн дуулал” номын 110-111 дүгээр тал