images

“Хүрэн морь”-ийн Ч.Лхамсүрэн Америкийн монголч эрдэмтэн О.Латтимортой учирч танилцсан түүх


Сэтгүүлч, яруу найрагч Базарын Цэдэндамба гуайн дурсамж

   "1960-аад оны дундуур би Баянхонгорт сууж байхдаа нэг өдөр Гурванбулаг сум ороод шөнө дөл тэгнээд ирэв. Баян-Өлгийн театрынхан ирчихсэн, зочид буудал чөлөө байхгүй бужигнаантай. Тэгээд өрөөний түлхүүрээ авах гэтэл жижүүр Жавзмаа “Таны төрсөн ах чинь ирсэн” гэж байна. Би төрсөн ахтай юм. Тэр намайг 624 км газар эргэж ирэх нь бүү хэл хааяа гэрт нь очоод дөрвөн төгрөгний янжуур аваад өгөөч гэхэд мөнгө байхгүйгээ хэлж, дандаа мөнгө гуйж явдаг гэж намайг загнадаг юм. Бид хоёр чинь нэгнээ үзэхгүй, хонь чоно л гэсэн үг. Тэр санаанд орлоо. Балдан ах яасан ч ирэхгүй л дээ. Тэгээд Жавзмаагаас ямархуу хүн ирснийг асуулаа. “Ай нэг ам гарсан ажлын гуталтай, өвдөг нь гарчихсан өмдтэй, хүүхдийн гэмээр пиджак өмсчихсөн хөх халимагтай өвгөн л байсан. Согтуу ч юм уу. “Тэр Цэдэндамба чинь миний дүү байгаа юм. Намайг өрөөнд нь оруулчихгүй юу, би хол замд их ядарч ирлээ” гэхээр нь оруулчихсан” гэж байна. Очоод хаалгаа нүдлээ. Ор шажигнаж байснаа үүд нээгдэхэд Ч.Лхамсүрэн гуай хоёр нударгаараа амаа дарчихсан зогсож байна. Шартахаараа тэгдэг юм. Ирэх замдаа нанчид өргөсөн байх нь гэж бодлоо.

Крил Вожилов гэж Бумбатын тосгоны заводын инженер болгар байх. Тэр дэлгүүрээс гурил, будаа авч архи нэрээд нэг шилийг нь 15 төгрөгөөр зардаг байсан юм. Тэгээд Вожиловынх руу гүйж очсон чинь “Нет нет, дуусчихсан. Өнөөдөр нэрээгүй” гэв. Буудлын дөрвөн давхарт Валентин Григоревич Шишкин гэж Баянхонгор аймагт үхрийн бурцеллёзийн шинжилгээ хийж яваа малын эмч байсан юм. Түүн дээр очоод “Эрхэм нөхөр, гашуун нясуун юм байна уу? Улаанбаатараас нэг том зохиолч ирчихсэн бие нь муу байна. Жаахан юм уулгамаар байна” гэсэн чинь “Байхгүй ээ. Байсныг нь манай жолооч Виктор хулгайлаад уучихаж” гэснээ “Хөөе, би Эхийн голоос ирлээ. Тэндээс чамд явуулсан нэг том захидал авчирсан. Тэр захидлыг чинь би өвдөг дээрээ барьж ирсэн шүү” гээд нэг том тарвас өглөө. Дотор нь захиа байгаа юм гэнэ ээ. Тарвас дотор захиа байгаа гэж ямар юм хэлэв ээ гэж гайхасхийгээд өрөөндөө орлоо. Ч.Ламсүрэн гуай хэвтэж л байна. Би Гурванбулагаас жаахан шар тос, замбаа, тарваганы боодог авчирсан байсан юм. Түүнийгээ ширээн дээрээ гаргаж тавиад жаахан харж сууснаа тонгорогоо гаргаад нөгөө тарвасаа цоолоод үзлээ. Нөгөөхөөс чинь нэрмэлийн үнэр ханхлаад явчихлаа шүү. Нэг шаазанд дүүртэл хийж аваад Лхамсүрэнгийнхээ хүзүүн доогуур гараа хийн өргөөд “За та үүнийг уу. Нутгийн чинь нэрмэл. Би юм олох гээд чадсангүй” гэвэл тэрбээр ууж орхилоо. Тэгээд духан дээрээ гараа тавьснаа,

   “За миний дүү сайн сууж байв уу? Би Зоргол дээр байгаа. Лхагва дүүгийнхээ хувцсыг өмсөөд өглөө бие засах гээд гартал жорлонгийн цаана нэг бензиний цистерн сигналдаад байхаа очсон чинь орчуулагч Даш байлаа. Тэр шууд л “Суу, хоёулаа явъя. Энэ намрын сайханд нутгаа очиж үз. Би цаашаа Говь-Алтайд бензин буулгаад буцахдаа чамайг аваад ирнэ” гэхээр нь суучихсан юм. Хувцас хунар гэж байхгүй ээ. Хоёул замдаа жаахан архидаад, ингээд ах нь жаахан согтуу ирчихээд хэвтэж байна” гэж байна.

   Ингээд би Валентин Григоревич Шишкиний өрөөнд орлоо. “Тарвас дотор нарийн юм байж шүү” гэвэл тэрбээр “Тэгэлгүй яах вэ. Мал эмнэлэгийн том шприцээр хоёр дахин тариад өгнө билээ” гэж байна. Түүний өрөөнд тавцан хамартай, гоё шөвгөр хар гуталтай, гүрж модон гаанс зуучихсан их мундаг хүн сууж байна. “Шишкин гуай та манайд орж тэр юмнаас хүртэхгүй юу. Энэ хэн юм?” гэсэн чинь өнөөх эр монголоор “Би Америкаас ирсэн монголч эрдэмтэн О.Латтимор гэдэг хүн байна” гэж бараг надаас цэвэрхэн монголоор ярьж байна. За тэгээд зочноо дагуулаад өрөөндөө орлоо. Тэгсэн чинь Ч.Лхамсүрэн гуай нэг майхан даавуу өмдтэй, марлиар тэлээлчихсэн, нүдний булай ч юм аа. Нөгөө хоёрт нэг нэг хийгээд өглөө. Тэгтэл Валентин Григоревич “За алс холын Америкаас ирсэн ноён Латтиморынхоо эрүүл мэндийн төлөө” гээд уулаа. Ч.Лхамсүрэн гуай босоод ирчихсэн,

- За тэгээд Латтимор гуай ажлаа л хийж явна уу?

- Ажлаараа явж байна аа. Би Төгрөгийн нурууны хадны бичгийг үзэх санаатай явж байна гэвэл Ч.Лхамсүрэн гуай,

- За тэгээд нөгөө тагнуулаа хийж байгаа юу?

- Би тийм ажил ихийхээ байсан шүү дээ, Лхамсүрэн гуай гэж байна.

   Тэгэнгүүт О.Латтимор гуай гэнэт духаа алгадаад гүйж гарснаа нэг том виски бариад ороод ирлээ. За хөгжилдөж ч эхэллээ дээ. Түүнийгээ задлаад Ч.Лхамсүрэн гуайд хийж өгөөд,

- Таны “Хүрэн морь” найраглал чинь Америкийн Нэгдсэн Улсад хэвлэлд орж байгаа. Би орчуулгыг нь редарторлаж өгсөн юм.

- Тийм ээ, би нэг тийм зохиол бичсэн.

   Ингээд үүр цайтал архидаад О.Латтимор, Валентин Григоревич Шишкин хоёр А-69 машинтай Хэрсэнгийн тал руу татсан суваг үзэх гээд Байдраг гол руу явах болохоор нь би Ч.Лхамсүрэн гуайд “Та суугаад яв. Энэ декадын төлөвлөгөөн дотор Байдрагийн тухай дуу заавал орох ёстой юм гэнэ. Би тэр новшийг бичиж чадахгүй байна. Танд харандаа байгаа биз дээ” гээд дэвтрийн хөх хальс өглөө. Тэгээд тэд яваад өгсөн. Оройхон болж байтал Даш ороод ирлээ.

- Ч.Ламсүрэн хаа байна?

- Байдраг тийш явсан. Одоо ирэх байх гэвэл

- Хөө цусаар урс, битгий юманд яваарай гэж байхад. Хүлээхээс дээ гэж байна.

   Даш гэдэг чинь “Монте Кристо гүн”-г орчуулсан агуу их орчуулагч шүү дээ. Удалгүй Ч.Лхамсүрэн гуай ч хүрээд ирлээ. Тэгээд ууцгаалаа. Гэв гэнэт Ч.Лхамсүрэн гуай нөгөө хөх дэвтрийг минь өгөөд “Хэрэгтэй юм байвал аваад, хэрэггүй бол хаяж орхиорой” гэчихээд яваад өглөө. Түүний суусан машин Түйн голын модон гүүрээр гарч торойн торойсоор тоосон дунд далд орлоо. Дагаад явчихмаар санагдаад би уйлж билээ. Орой нь намайг аймгийн намын хороо дуудаж байна гэнэ. Юу болсон юм бол гэж бодосхийгээд жаахан юм үнэртүүлчихсэн яваад очлоо. Тэгсэн Ламжав дарга,

- Үгүй ээ, чи бас муухай хүн юм аа. Манай нутгийн Төрийн шагналт зохиолч ирээд байхад бидэнд хэл дуулгадаггүй. Тэр хүн одоо хаана байна.

- Өө одоо Зорголд байгаа биз. Аль өдөр яваад өгсөн. Төрсөн нутгийнхаа ганц Төрийн шагналт зохиолчийг таньдаггүй улс гэж та нарыг мэдсэнгүй гэж би хэллээ.

   Сүүлд бодоход буудлын жижүүр Жавзмаа Московский архи, чихэр үзэм люкс өрөө лүү зөөгөөд байсан нь Ч.Лхамсүрэн гуайг хүлээж авах гээд байсан юм байж л дээ. Тэр зочин нь ирдгээ ирээд аль хэдийн яваад өгсөн байхгүй юу. За тэгээд Ч.Лхамсүрэн гуайнхаа хөх дэвтрийн хальсан дээр бичсэн шүлгийг үзлээ.

“Талдаа гарч тариагаа ургуулсан

Таван тансаг Байдрагийн минь гол оо” гээд л мөрүүд байна. Бирваа хөгжмийг нь хийж Хайдав дуулсан юм. Би концерт үзээд “Тэр үед ямар азаар Ч.Лхамсүрэн гуай очсон юм бол” гэж бодож байж билээ.

Алдар овогт Соном-Ишийн Юндэнбат. “Хонгор нутгийн дуулал” номын 142-146 дугаар тал