Ямар ч байсан төв халхынхан даншиг наадмаа хийчих байлгүй дээ
Өнөөдрийн Хууч
2024-05-28
Монгол улсын анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазарын түмэн өлзий гийсний 360 жилийн ойд зориулсан Даншиг наадам 1995 оны наймдугаар сарын 13, 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд болсон юм. Даншигт Монголын газар бүрээс 200 мянга шахам хүн оролцсоны дотор Монгол улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын дарга зэрэг төрүүн тэргүүн нар хүртэл хүрэлцэн очсон билээ. Наадам болохын өмнө ордны хоолны газар ортол ерөнхийлөгч П.Очирбат гуай, ерөнхий сайд П.Жасрай гуай, мөн Ж.Гомбожав гуай гээд бусад хүмүүс сууж байв. Би тэдэнд хандан “Өндөр гэгээний наадамд явна биз дээ?” гэвэл Л.Энэбиш дарга “Би наадмын комиссын дарга учраас явж таарах байх” гэв. Бусад эрхмүүдээс асуутал бие биенээ хараад тодорхой хариу хэлсэнгүй. Тэгэхээр нь миний жаахан шар хөдлөөд “За ямар ч байсан Өвөрхангайнхан, төв халхынхан наадмаа хийчих байлгүй дээ” гэвэл Л.Энэбиш дарга “Чиний энэ яриаг цааш дамжуулах уу?” гэж байна. Би ч “Дамжуул дамжуул” гэлээ. Ингээд Л.Энэбиш дарга Засгийн газраа, би УИХ-аа төлөөлөөд явах гэж байтал П.Очирбат ерөнхийлөгч очихоор болсон байв. Ерөнхийлөгч очино гэсэн чинь Төв аймагт амарч байсан Ерөнхий сайд П.Жасрай гуай бас очихоор болжээ. Дараа нь УИХ-ын дэд дарга Ж.Гомбожав гуай мөн явахаар болсон юм.
Бид төрийн өндөрлөгүүдэд зориулж барьсан гэрт байрлаж байснаа гарч, дарга нарыг тосож аваад тэнд оруулаад өөрөө айлаар хоноглох болж билээ. Улаанбаатараас гарахад хэд хоног үргэлжилсэн их бороо орсоор байв. Есөнзүйлд даншиг хийх газар очиход тэнгэр бүрхэгдүү ч нэг их сайхан солонгос татсан байлаа. Маргааш нөгөөдөр нь буянтай их хүний наадам цэнгэлийг байгаль цаг агаар хүртэл тэтгэдэгийг очсон бүхэн гайхаж байсан юм. Ганцхан шөний дотор хот боссон гэж болно. Энд тэндгүй эрээн асар, гэр майхан баригдсан, наадмын хэдэн өдөр тэнгэр хангай цэлмэг сайхан байж, даншиг наадам үнэхүү сайхан болсон билээ.
Данзангийн Лүндээжэнцан. “Хэзээ ч бүү шантар” номын 342-343 дугаар тал