images

“Цэнхэр залаа”


   “Цэнхэр залаа” аялгууг 1969 онд хөгжмийн зохиолч С.Баатарсүх зохиожээ. Тухайн үед С.Баатарсүх МУИС-ийн барилгын ангид суралцдаг, цахилгаан хөгжим тоглодог оюутан байв. Голдуу гадаадын ая (битлз) тоглодог байсан учраас тус сургуулийн эвлэлийн хорооны дарга Ж.Бадраа түүнд үндэсний онцлогтой аялгуу тоглохыг даалгасан байна. Иймд С.Баатарсүх “Цэнхэр залаа”-г гитар дээр тоглож зохиогоод өөрийн багш хөгжмийн зохиолч Г.Чимэддорж дээр ноотлуулахаар очжээ. Багш нь сонсоод Ж.Бадрааг утсаар дуудаж ирүүлсэн аж. Ингээд тэр хоёр ярилцаад дараа нь С.Баатарсүхэд "Ж.Бадраа энэ аялгууд нэр өгнө, чи харин радиогийн бичлэгт бэлд" гэжээ. Хоёр хоногийн дараа Ж.Бадраа түүнд энэ аялгууг "Цэнхэр залаа" гэж нэрлэхээр болсныг хэлсэнд С.Баатарсүх "Юун тахианы залаа" гэж гэнэ. Тэгтэл багш нь "Залаа гэдэг нь удирдах гэсэн утгатай, цэнхэр гэдэг энх тайвнаар эх орноо удирдана гэсэн утгатай" хэмээн тайлбарлажээ. Тухайн үед Оросууд цаг агаарын мэдээнийхээ ард Францын хөгжмийн зохиолчийн аялгууг явуулдаг байснаас санаа авч, Монголын цаг агаарын мэдээний ард "Цэнхэр залааг" явуулах болсноор өнөөг хүртэл тоглогдож байгаа билээ.