images

"Мөнхийн үсэг"


   Улсын начин Д.Ганбат, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар их сургуулиа төгсөөд гал голомтоо бадраасныхаа дараа 1996 онд "Мөнхийн үсэг" компанийг байгуулжээ. Дархан хот дахь "Сэргэлэн" пүүсийн захирлаар ажиллаж байсан Б.Батцэцэгийн аав Г.Батмөнх охиноо сургуулиа төгсөөд юу хийх гэж байгаа тухай лавлангаа "Одоогийн зах зээлд та нар мэргэжлээрээ ажиллахад тун хэцүү. Ялангуяа Гадаад яаманд ажилд орно гэдэг бэрхшээлтэй. Миний охин аавдаа туслаад хэвлэлийн ажил хийх үү?” гэж асуужээ. Харин охин нь "Би энэ ажлыг хийвэл Дархан явахгүй ээ. Би Улаанбаатарт л хэвлэх үйлдвэр ажиллуулж чадна” гэснээр нөхөртэйгөө ярилцан, ааваасаа хөрөнгө оруулалт авч хэвлэлийн цех байгуулахаар болсон байна. Ингээд нийслэл хот дахь зах зээлээ судлаад үзтэл компьютер дээр орчин үеийн хэв загвараар эх бэлддэг, тоног төхөөрөмж сайтай үйлдвэр байхгүй байсанд зориг шулуудан, сургуулиа төгсдөг жилээ компаниа бүртгүүлжээ. Ингээд ааваасаа анхны хөрөнгө оруулалтыг авсан учир “Мөнх” гэдэг нэр оруулж компаниа нэрлэе гэсэнд аав нь ихэд баярлаж, бэлгэшээн “Мөнхийн үсэг” гэдэг нэрийг санал болгосон түүхтэй.