images

Хайрлаж болох уу?


  2016 онд Канад улсаас ая зохиогч Г.Мөнх-Амьдрал яруу найрагч М.Цэрэнтогтох руу холбогдоод орчин үеийн цоглог хэмнэлтэй, өвөрмөц дуу хийх санал тавьжээ. Тэрбээр “Найзад нь ийм аялгуу байна, сонсоод шүлгийг нь бичээрэй” гэсэн нь  М.Цэрэнтогтохт огт өөр хэмнэлтэй санагдсан байна. Ингээд хоёр, гурван сарын турш аялгуугаа сонссоны эцэст дууны эхний бадгийг дахилттай нь бичжээ. Үргэлжлүүлээд дараагийн бадгуудаа бичээд 2016 онд дуу ч бэлэн болж, 2019 онд жүжигчин Л.Сөрөлт, дуучин А.Түмэн-Өлзий хоёроор дуулуулсан бөгөөд ая зохиогч нь энэ дуугаа зөвхөн тэр хоёроор дуулуулна гэж зорьж хийсэн байна. Энэ тухай М.Цэрэнтогтох “Уран бүтээлч бүхэн өөрийн гэсэн давтагдашгүй мөн чанартай түүгээрээ бусдаас ялгарч байдаг онцлогтой. Г.Мөнх-Амьдрал найзын хувьд уран бүтээлийн чанарт онцгой анхаардаг. Зөвхөн зүрх сэтгэлээ чагнаж аялгуу урладаг онцлогтой хүн гэдгийг би олон бүтээл хамтарч хийхдээ мэдэрсэн. Энэ дуун дээр л гэхэд гурван жил гаруй тэвчээртэй хүлээж байгаад, хоёр дуучинд хандаж байх жишээтэй” хэмээн “Миний 108 дуу” номдоо бичсэн байна. "Хайрлаж болох уу?" дуу нийтэд хүрсэн даруйдаа цахим орчин, фм радиогоор хандалт авч, олонд түгэн дэлгэрсэн юм.