Жанжин гэгддэг малгайг Д.Сүхбаатар жанжин толгой дээрээ тавьж үзээгүй
Өнөөдрийн Хууч
2024-05-23
Д.Сүхбаатар жанжны ураг удмын гал голомтыг бадрааж яваа Ганжуурын Энхтайван гуай удам судрынхаа талаар ийн хуучилжээ.
“Миний бие 1952 онд төрсөн. Хайсу овогт Төгөө Ганжуурын өргөмөл ганц хүү юм. Аав маань их жанжны хамгийн ойрын садан буюу төрсөн ах дүүсийнх нь хүүхэд юм. Нутгийн зон олны дунд алдарт уургач, эмнэг сургагч гэж алдаршсан сайхан буурал байсан. Аав маань 1952 онд нутгийн хэдэн уяачтай хурдан морь уяж хотод ирээд, нэг морь нь гуравт хурдалж, жанжны хүү хурандаа С.Галсангийн нэр дээр цоллуулсан аж. Тэгээд хамт ирсэн нөхөд нь буцаж, аав хүүхэд өргөж авах зорилготой үлдэж, энэ талаараа жанжны гэргий С.Янжмаа гуайд хэлсэн юм билээ. С.Янжмаа эмээ аавыг дагуулаад манайд иржээ. Миний ээжтэй уулзаж, ирсэн зорилгоо хэлсэн юм байгаа биз. Ингээд намайг үрчилж авсан юм билээ. Ингэж л би Сүхбаатар аймгийн хүн болсон түүхтэй. Их жанжны голомтод өргөгдсөн болохоор би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Миний төрсөн ээж Х.Чойжинзав “Би хүүгээ нэг эр хониор зарчихсан юм” гээд инээдэг байж билээ. С.Янжмаа эмээ намайг үрчлэхээр ирэхдээ нэг хонь өгсөн юм билээ.
Би жанжны хүү С.Галсан, түүний охин С.Нарангийнд сууж их сургуулиа дүүргэсэн. Тэднээс жанжны тухай бага сага зүйл сонссон хүн. Жанжин орон нутагт очихдоо манай өвөө хар толгой Самдангийнд хонож, аав Дамдингийнхаа хэрэглэж байсан тулгыг өгсөн юм билээ. Уг тулга, аавынхаа эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсийг музейд хадгалуулсан. Хамгийн анхных нь аавтайгаа Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Гүн булагт жанжны хөшөөний сууринд хадаг, дугуй булантай цай тавихаас эхлээд жанжны хүү С.Галсантай нэрэмжит газрууд, албан байгууллагуудаар явж, олон арга хэмжээнд оролцож байлаа. Жанжны хөшөөг хүрэлдэх асуудлыг Монгол улсын ерөнхий сайдад уламжилж, хөрөнгө мөнгийг нь шийдвэрлүүлж, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын бунхныг зөөвөрлөх арга хэмжээнд оролцож явлаа. Бунханд байсан хоёр шарилыг чандарлаад Алтан өлгийд залж, төрийн хамгаалалтад авсан. Д.Сүхбаатарын шарилыг дөрвөн удаа зөөсөн юм гэсэн. Бунханд байсан шарилаас нь дөрвөн яс л гарсан. Ах дүүс, нутаг оронд нь жанжны чандрыг өгсөн. Орон нутагт босгосон суварганд нэлээдийг нь хийсэн.
С.Галсан ахынх маань “Ямбатны ягаан” гэж нэрлэгдсэн байранд байсан юм. Би аравдугаар анги төгсөөд МУИС-д сурч байсан үе. Манай орцны нэгдүгээр давхарт МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Алтангэрэл, ШУА-ийн ерөнхийлөгч Б.Ширэндэв, генерал Бавуу нарынх байлаа. Тэдэнтэй айлсаж, сайд нарын дэлгүүр, эмнэлгээр үйлчлүүлж, тэр үеийн нэлээд тооны партизан, улсын баатар, ахмад дайчидтай танилцан, яриа хөөрөө, дурдатгалыг нь сонсож байв. Нэг зүйл сонирхуулахад “жанжин малгай” гэж байдаг даа? Яагаад тэгж нэрлэсэн нь сонин санагддаг юм. Учир нь энэ малгайг жанжин хэзээ ч толгой дээрээ тавьж үзээгүй юм шүү дээ. Тэрээр саравчтай тоорцог, отго жинстэй малгай л өмсөж байсан юм билээ. Ардын зураач Ү.Ядамсүрэн гуайн зурсан уран сайхны зурагт л тийм малгайтай байдаг. Мань хүн жанжнаа гоё харагдуулах гээд л сэтгэж зурсан юм билээ”.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин. 003/24534/. 2023 он.