Эрхэсхулан
Өнөөдрийн Нэр
2024-05-21
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Жамбаачүлтэмийн Эрхэсхулан нэрийнхээ түүхийн ийн ярилаа. Үндэсний статистикийн хорооны нэгдсэн сангийн мэдээллээр түүнтэй адил нэртэй хүн Монголд 13 бий.
Миний эмээгийн ах Дашцэрэн гэж хүн байлаа. Тухайн үед Монголын радио, “Үнэн” сонины сурвалжлагч, сэтгүүлч байв. ЗХУ-д их сургууль төгссөн, зохиол бүтээл их бичээгүй ч “Хөх ногооны униар” гэдэг ном гаргасан хүн л дээ. Тэр ах маань хойно сурч байхдаа Б.Явуухулан гуай гээд хэдэн зохиолчтой хамт байж л дээ. Тэр үед миний ээж Дашцэрэн ахын гэрт Улаанбаатарт суралцаж байсан юм билээ. Тэгээд ээж маань Монголоос "Би төрөөд хүүтэй боллоо. Ямар нэр өгөх вэ" гэдэг мэдээ явуулсан юм байлгүй. Ах маань зохиолчидтой ярьж сууж байгаад "Миний дүүгийн хүүд нэр өгье" гэжээ. Тэгэхэд Б.Явуухулан гуай “Их сайхан бэлгэтэй юм. Хаанахын хүүхэд вэ” гэхээр нь "Булганы Тэшиг сумынх" гэж. Ингээд тэд "Хангай, говийн хоёр дархалсан амьтны нэрийг өгье" гэж ярилцсан байна. Хулан гэдэг нь говийн дархалсан амьтан бол эрхэс гэдэг нь хангайн булга гэдэг амьтны эрийг хэлж байгаа юм. Намайг цэргээс халагдаад ирсний дараа ах надад энэ түүхийг ярьж өгөхдөө "Их яруу найрагч өөрийнхөө нэрийн талыг өгсөн байх ч магадлалтай" гэж тайлбарласан. Тэр болтол би өөрийнхөө нэрийг ямар учиртайг, эрхэс гэж булганы эр гэж ч мэддэггүй явлаа. Хожим МҮОНРТ-ээр АХА нэвтрүүлэг үзэж байхад "Эрхэс гэж юуг хэлдэг вэ" гэж асууж байна лээ. Тэгсэн нэг хүн "Амьтан" гээд зөв хариулж байгаа юм.
Хүмүүс намайг хараагүй байхдаа миний нэрийг сонсоод эмэгтэй хүн гэж бодоод байдаг юм. Би МУИС-д 1998 оноос багшилж байна. Залуу багш байхдаа 2000-аад оны эхээр нэг ангид орлоо. Тэр нь их, дээдийн ангийнхан. Тэр үед намраас хавар хүртэл бүтэн семестр хичээл ордог байсан юм. Хавар нь хамгийн сүүлчийн лекцээ уншчихаад “Баяртай” боллоо. Тэгсэн нэг нь “Багш аа, танаас нэг юм асууж болох уу” гэж байна. "Юу" гэсэн чинь "Эрхэсхулан гээд нөгөө гоё, ганган, эмэгтэй багш хэзээ орж ирэх юм" гэж байна. Миний инээд ч хүрэх шиг болоод “Би ганган, гоё биш байна уу” гэтэл нөгөөдүүл чинь гайхаад өөдөөс “Эрхэсхулан багш орно гэсэн юм. Тэгсэн та л хичээл орсоор байгаад дууслаа” гэнэ. Тэгэхээр нь “Харин тийм ээ. Би муухай царайтай байна уу” гэсэн инээдэм болж “Багш аа, ний нуугүй хэлэхэд бид эмэгтэй хүн гэж бодсон. Хичээл дуусах болчихлоо хэзээ Эрхэсхулан багш орж ирэх юм бол гээд танаас асуусан юм” гэж билээ. Би ч нэрээ хэлж тайлбарладаггүй залуу багш байж. Ангид орж ирээд семинар тавьдаг, нөгөө юмаа яриад дуусчихна, тэгээд л гараад явна. Одоогийнх шиг үзүүлэнгийнхээ дор нэрээ тавина гэж байх биш. Тэр үед эрүүгийн эрх зүйн хичээлийн лекцийг Ж.Бямбаа багш ордог байсан юм.
Надад өөр нэг хөгжилтэй тохиолдол бий. Булган аймгийн Тэшиг сумын сургуулийн ангийн маань найз Эрхэмбаяр гэж бий. Бид Цонцгой гэж дуудна, их алиа хүн л дээ. Одоо сумандаа малчин. Харин би хоёр хөгшнийгөө бурхан болсноос хойш Тэшиг явахаа байчхаад бараг арав, хорин жилийн дараа очсон юм. Манай ангийнхний ихэнх нь хөдөө амьдардаг учраас тэнд уулзалдахаар болов. Тэгсэн миний очих сургаар Цонцгой хөөрөөд л эхнэртээ "Эрхэсхулан ирнэ" гээд л байж. Тэгээд намайг очсон өглөө "Эрхэсхулан ирж гэнэ" гээд баярлаад гэрээсээ гараад явж л дээ. Бид уулзалдаж баярлаад дараа нь Эрхэмбаярындаа ангиараа очихоор болов. Би машиндаа хоёр, гурван хүнтэй түрүүлээд тэднийд оччихлоо. Явж ороод "Эрхэсхулан" гээд танилцтал эхнэрийнх нь царай нэг л сонин болж байна шүү. Цай цүү болж сууж байгаад "Эрхэсхулан гэж хүн ирсэн үү" гэж байна. "Би байна аа" гэсэн чинь жигтэйхэн баярлаад царай нь гэрэлтээд ирлээ. Намайг найз охин нь гэж бодсон юм байлгүй. Дараа нь манай эхнэрт энэ тухайгаа ярьсан байна лээ. Цонцгой маань тав хоногийн өмнөөс л "Эрхэсхулан ирнэ" гэж нойргүй болоод ирсэн өглөө нь гэрээсээ гараад давхихаар гайхаад байж.