images

“Ээж ээ, сайн байна уу?” зураг хэрхэн бүтэв?


Монгол улсын ардын зураач, төрийн соёрхолт Дагдангийн Амгалан “Ээж ээ, сайн байна уу?” зургаа хэрхэн бүтээснээ ийнхүү дурссан байна.

   “Би тавиад оны сүүл жараад оны эхээр Суриковын нэрэмжит уран зургийн дээд сургуульд сурч байлаа. Ядуу оюутанд мөнгө төгрөг гэж юу байх вэ дээ. Зун, өвлийн амралтаараа нутагтаа ирээд Урчуудын эвлэлийн хороотой гэрээ байгуулж, жаал зураг зурна. Түүнийхээ мөнгөөр ард үлдсэн эхнэр хүүхдэдээ нэмэр болдог сон. Эхнэртэйгээ 1956 онд танилцаж, 1958 онд гэрлэсэн. Анхны хүүхэд маань 1959 онд төрж, аав болохын жаргалыг эдэлж явлаа.

   “Ээж ээ, сайн байна уу?” зургийг оюутан байхдаа 1962 онд зурсан юм. “Баян талын өглөө”, “Бадралт соёлын минь өглөө”, “Атар талын өглөө”, “Аварга үйлдвэрийн өглөө”, “Улаанбаатарын өглөө”, “Уламжлалт ирээдүйн өглөө” зэрэг зургаан цуврал бүхий ”Өлгий нутгийн минь өглөө” гэдгийн нэг хэсэг л дээ. Энэ цуврал зургийнхаа төгсгөлийн хэсэг болох “Уламжлалт ирээдүйн өглөө” гэсэн сэдвээр “Ээж ээ, сайн байна уу” гэж зурсан юм.

   Би өвлийн амралтаар ирээд байсан үе. Эхнэр бид хоёр хүүхдүүдийн хамт айлын нэг өрөөнд амьдарч байлаа. Нэг өглөө дунд охин Жавхлан маань нойрмог нүдэлчихсэн “Ээж ээ” гэсээр галын өрөөнд орж ирсэн. Тэр үед охин маань дөнгөж хоёр ойтой байсан үе. Ээжийгээ алга болохоор уйлагнан үгүйлж, олж хараад баярлан хөөрөх охины минь тэр хонгорхон зан энэ зургийн санааг анх надад төрүүлсэн юм. Зургаа хоёр өнгөөр зураад шөнөжингөө галын өрөөндөө сууж нухаж хийсэн. Хулдаасан барын аргаар бүтээсэн юм шүү дээ. Суриковын дээдэд шилжихээсээ өмнө Москвагийн Хэвлэлийн дээд сургуулийн зургийн ангид сурч байхдаа зураасан зураг, мод, чулуу болон хулдаасан барын аргаар хийж сурсан. Тэгээд л шинэ төрлөөр бүтээе гэж оролдсон минь тэр. С.Нацагдорж бид хоёр нэг хэсэг зураасан зураг, хулдаасан барын төрлөөр оролдож байлаа. “Өлгий нутгийн минь өглөө” цувралын бүх зурагт нар бий, сайн ажаарай! “Ээж ээ, сайн байна уу” зурагт ч бас нар бий. Ертөнцийн наран мандаж байна, ээж минь ч бас наран юм гэсэн санааг тусгая гэж бодсон. Якутын урлаг судлаач Потапов гэдэг хүн жараад оны дундуур манай оронд ирсэн. Бид хоёр хуучны танилууд болохоор би гэртээ урьсан. Өнөөх цуврал зургаа үзүүллээ. Тэгсэн өнөөх маань дуу алдан, “классик” гэж байна. Би зовоод “Цуврал зургийн нэг шүү дээ” л гэж хэлсэн. Яахав, муугүй бүтээл болсон байх аа. Олон удаагийн үзэсгэлэнд тавигдаж байсан. “Иностранная литература”, “Огонек” зэрэг гадаадын хэвлэлд нийтлэгдсэн. Монголдоо бол хэвлэл сонинд олон гарсан даа.”

Эх сурвалж: zoronzon.blogspot.com