images

“Дэлхийгээ би мэднэ”


   Монгол улсын хүүхдийн элч хөгжмийн зохиолч С.Батболд аавынхаа шүлэгт ая хийсэн нь Дэлхийгээ би мэднэ” дуу билээ. Энэ дуу одоогоос 40 жилийн өмнө буюу 1983 онд мэндэлсэн бөгөөд Л.Соронзонболдын зохиосон олон шүлэг дундаас нь нэгийг нь онцгойлон сонгож ая хийе хэмээн анх гуйсан нь энэ байжээ. Тухайн үед С.Батболд Улсын их дэлгүүрийн баруун талд байх 9 дүгээр цэцэрлэгт хөгжмийн багш хийж байв. Уг дууны утгыг тэрбээр “Сайхан дууны түүх” нэвтрүүлэгт оролцох үеэрээ тайлбарлахдаа “Хүүхэд, багачуудад дуу хөгжим зааж, тэдний сайхан энерги дунд ажиллаж байсан болохоор ая нь надад ойрхон байсан. Хэр удаан амьдрах эсэхийг нь би мэдээгүй ээ. Зүгээр л хүүхдүүдийг эх дэлхийгээ хайрлаж гамнах, эх орон юугаар ч орлуулшгүй чухал гэдэг хүмүүжлийг дуу хөгжмөөс олж аваасай гэж бодсон юм” гэжээ. “Дэлхийгээ би мэднэ” дуу олон ч хүүхдүүдийн ам дамжин дуулагдаж бүр энэ дуунаас сэдэвлэсэн гар зураг, баримлыг бүтээж байв. 1985 онд Монголын хүүхдийн ордныг барих үед С.Батболд багшаар очжээ. Тэрбээр хүүхдийн ордонд чөлөөт уран бүтээл туурвихын зэрэгцээ цахилгаан хөгжмийн дугуйланг олон жил хичээллүүлсэн байна. Түүний шавь нар нь Монголын рок попын "Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, гитарчин Д.Өлзий-Орших, “Чингис хаан” хамлагын гитарчин Д.Саруулсайхан, "Хөсөгтөн" хамтлагийн ахлагч Д.Ариунболд, "Хар сарнай" хамтлагийн дуучин Б.Баяржаргал, "Никитон" хамтлагийн хөгжимчин Б.Цогтбаяр, Г.Золбоо, "Маршал" хамтлагийн ахлагч, хөгжмийн найруулагч Ц.Уянга, гитарчин Нармандах, дуучин Л.Байзада, Ч.Батболд, Ч.Мөнхчулуун, Батдэлгэр тэргүүтэй олон хүмүүс бий. Мөн тэрбээр Монголын хүүхдийн дууны урын санг гурван зуугаад дуугаар баяжуулснаас “Дэлхийгээ би мэднэ”, “Цасхан”, “Олуулаа”,  “Бага ангийн багшдаа баярлалаа”, “Миний ээж”, “Миний дотны найзууд”, “Говийн өглөө”, “Багачуудын ордон”, ”Анхны хайр”, “Гүзээлзгэнэ”, “Дээс дээс”, “Би зурах дуртай”, “Цаатан хүүгийн дуу”, “Би дуучин”, "Цасан доор жимс ургана" зэрэг дуунууд нь үе үеийн хүүхэд багачуудын хайртай уран бүтээл болжээ.