images

Хүрээнд шавилж суусан хүү цэргийн сургуулийн сурагч болж, улмаар алдартай зураач болсон түүх


“Талын айл” зэрэг сод бүтээл туурвисан Ардын зураач Ням-Осорын Цүлтэм гуай бага насандаа хүрээ хийдэд шавилан сууж яваад сургууль соёлын мөр хөөсөн тухайгаа ийн дурсчээ.

   “Нийгмийн амьдралд ардчилсан шинэ ёс тогтож, хувьс­галт өөрчлөлтүүд өргөжих тусам сүм хийд, лам нарын шашин но­мын ажлыг улам бүр хавчин хяз­гаарлаж эхэлсэн нь мэдээжийн хэрэг. Жишээлэхэд, сургуулийн хүүхдүүдийг хүрээ Гандангаар явуулж лам банди нарыг хар болгож сургуульд оруулахыг ятгуулах, лам хүүхдүүдэд түвд номын зэрэгцээгээр монгол бичиг зааж байв. Нэг удаа лам хүүхдүүдийг орос хөлөөвт (Ленинклуб) аваачиж суулгаад гэрлийг нь унтрааж тас харанхуй болгов. Айж гайхаж суутал гэнэт өргөн цагаан даавуун дээр хөдөлгөөнтэй батиар зураг гарч, орос хүмүүс гүйлдэж, буудалцаж, ярилцаж байгаа нь цөм дуугарч байх нь маш сонин гайхалтай байсан бөгөөд тэр нь Зөвлөлтөд шинэхэн гарсан “Чапаев” гэдэг кино байсныг хожим мэдэж билээ. Сонирхолтой юм үзсэнээ ах ламдаа ирж ярихад “Ямар л олигтой юм байв гэж, нас буянд хор барцадтай өлзий бусын эд” гэж зэмлүүлж билээ.

   Тэр явдлаас хойхно 1937 оны хавар лам хүүхдүүдийг монгол бичиг заадаг бүлгэмийн газар дуудаж цуглуулаад хэдэн цэргийн дарга хүүхдүүдийн нэр овгийг асууж, хоёр хэсэг болгон хуваахад дүү бид хоёр ногоон малгайтай дарга нарын хэсэгт орсон тул биднийг гэр оронд нь ч очуулалгүй нэг ёсондоо дайчлан баривчилж өндөр хоршооны зүүн талд байсан Дотоод яамны харьяа төв сургуулийн байр, хэдэн дүнзэн байшинд оруулав. Тэндээс биднийг одоогийн Туул рестораны орчим, Сэлбийн салаа голын дэргэд байсан хувийн халуун усанд оруулж, биеийг цэвэрлүүлээд дотуур цагаан хувцас өмсүүлж, хүүхэд бүрийн нас биед тохирсон цэрэг ногоон өмд цамц, ажлын хар гэж нэрлэгддэг бахиал гутлаар хувцаслаж гаргаснаар До­тоод явдлын яамны харьяа цэргийн бага сургуулийн сурагчид болж билээ. Манай сургууль хэдийгээр тухайн цагтаа хүн бүхний зүрхийг шимшрүүлсэн Дотоод яамны харь­яаны дүрмийн хувцас өмссөн, тусгай хангамжтай, эрх дархтай сургууль байсан боловч бидний азаар хүмүүсийг тагнаж мөрдөх, мэдээллэж матах, тарчилган зовоох мэтийн чекистийн үндсэн хүчин болгох мэргэжлийн талын ямар ч ном дүрэм заагаагүй, зүгээр л ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрөөр монгол хэл бичиг, тоо, газарзүй, жагсаалын сургууль төдийхөн заасан. Тэр ч бүү хэл 1940 оны хавар манай сургуулийг тарааж, биднийг ердийн дунд сургуулиудад тараан өгсөн юм. Бидний үеийг дундад эртний шашны сүм хийдийн нэгэн хэвийн хүлцэнгүй уйтгартай амьдралаас ангижруулж, иргэний боловсрол эзэмших үндэс суурийг тавьж өгсөн бага насны минь нэгэн аз жаргалтай үе болж үлдсэн анхныхаа сургуулийг хэзээд хайр, сэтгэлтэйгээр бахархан дурсаж явдаг. Арван зургаатайдаа Бөмбөгөр ногоон театрт зураачаар ажиллаж эхлэн, анхны цалин болох гучин төгрөгөө ээждээ аваачиж өгө­хөд ээж нь ихэд баярласан билээ. Хожим зураач болоод дүрслэх урлагийн анхны ажил минь “Цогт тайж” киноны жижиг хэрэгсэл, зэр зэвсгийн загвар байсан юм. Киноны ерөнхий зураачаар Л.Гаваа, хувцасны зураачаар Д.Чойдог, Ү.Ядам­сүрэн нар ажилласан билээ.”

Эх сурвалж: “Өдрийн сонин” 2014 оны наймдугаар сарын 22-ны өдрийн дугаар.