"Ээжийн чанасан цай"
Өнөөдрийн Хөгжим
2024-05-20
Хөгжмийн зохиолч Б.Магсаржав 2000 онд Өвөр Монголын Хөх хотын "Одон” телевизэд дөнгөж ажлаа аваад байв. Түүнд ажлын хажууханд нь амьдрах байр сууцыг тохижуулан өгсөн бөгөөд нэг өдөр гэрийнх нь үүдэнд нэг хүн "Би Д.Саманд гэж хүний охин нь байна. Та Магсаржав уу” гэсээр ирж уулзжээ. Тухайн үед Саманд гуай Хөххотын эмнэлэгт хүнд өвчтэй хэвтэж байсныг тэр эмэгтэйгээс дуулжээ. Б.Магсаржав 1983 онд Увс аймагт багшаар очихдоо "Малчин" сонинд идэвхтэн бичигч байсан Д.Самандтай анх танилцсан байна. Тэд богино хугацаанд хурдан дотносож, Д.Саманд гуай "Баянхуурын цаана инээмсэглэсэн залуу” хэмээх нийтлэлийг бичиж өгч байжээ. Тиймээс ч эртний танилаа эргэхээр очиход эмч нар нь “Саманд гуайн биеийн байдал маш хүнд байгаа. Ганц сарын нас бий. Эм тангаар торгоож байгаа, яаралтай нутаг буцах хэрэгтэй” гэсэн байна. Ингээд өөртэй нь уулзаж хууч хөөрч суугаад долоо хоног хоол, цай зөөхөөр болжээ. Нэг удаа Б.Магсаржав “Хөххотод сүү олдохгүй, цай нь гэж цэхийсэн юм" хэмээн зовнингүй ярихад Д.Саманд гуай хариуд нь "За даа ээжийн минь чанасан цайг яаж гүйцэх вэ дээ. Манай нутгийн цай мөн сайхан шүү” гэж ярьж байгаад “Нутгийн амттайхан цай" хэмээх нэг бадаг шүлэг, дахилттай нь бичээд үлдээжээ. Тэгээд нутаг буцах болж эмнэлгээс гарахынхаа өмнө “СУИС-ийн нэгдүгээр курсэд Жавхлан гэж нэг нөхөр бий. Миний хүү. Чи мэднэ дээ, манайхаар орж, гарахад чинь шалдан шар юм гүйж явсан. Тэр дуучин болох магадлалтай. Би СУИС-д дөнгөж оруулчихлаа" гэж хүүгээ захиж үлдээжээ. Ингээд Саманд гуай ч явж, Б.Магсаржав шүлэгт нь ая хийлгүй 2006 он хүртэл өнөө шүлгээ ч мартсан байж. Нэг удаа элчингийн шугамаар Увс аймгийн үдэшлэгт уригдаад нутагтаа очихдоо дуутай очъё гэж шийдсэн тэрбээр Д.Саманд гуайн “Нутгийн амттайхан цай" шүлэгтээ явахынхаа урьд шөнөжин ая хийсэн байна. Ингээд Өвөр Монголын Алшаа аймгийн залуу Баяннамараар "Ээжийн чанасан цай"-г анх дуулуулж байжээ. Дараа нь С.Жавхлан Монголд кассетан дээрээс тэр дууг олж сонсоод 2006 оны хавар Хөххотод Б.Магсаржавыг сураглаж ирж уулзсан байна. Тэгээд аавынхаа шүлгийг гэж мэдээд дуугаа "Ээжийн чанасан цай" гэж нэрлэж, бусад бадгийг нь бичиж дуусгажээ.
Б.Магсаржав, Ж.Ганчимэг "Айсуй" номын 131-132 дугаар тал.