Ардчилсан холбооныхонтой Монголын цагаан сарыг ёсолсон минь
Өнөөдрийн Хууч
2024-04-15
Японы зохиолч Кудо Миёко 1990 онд Монголд өрнөсөн үйл явцын талаар дурссан нь
“... 1990 оны Монголын цагаан сарын битүүний өдрийн үндэсний бөхийн барилдаан үзэж дуусгаад Улаанбаатар зочид буудалдаа ирэв. Жижүүрээс түлхүүрээ автал жижигхэн зурвасын хамт атгуулдаг юм байна. Зурвасыг шууд дээлийнхээ халаасанд шургуулаад орчуулагч Баасанд талархал илэрхийлээд өрөө рүүгээ явлаа. Зурвасыг яагаад Баасангаас нууж халаасалсан бэ гэвэл гадна талд нь “Нинж” гэсэн бичиг байсан болохоор тэгсэн юм. Ардчилсан холбооны Нинжээс хүргэсэн хэл юм чинь уншихад урамтай, сайхан утга агуулгатай мэдээ байж таарна гэж таамаглалаа. Бичигт “Маргааш өглөө 8.00 цагт Сүхбаатарын талбайд МоАХ, МоАН-аас сар шинийн ёслол хийх санаатай. Боломжтой бол оролцоно уу. Нинж” гэсэн байв. Ардчилсан холбооноос бичгээр урьсан урилга гэж ойлголоо. Шинийн нэгний өглөө тэд ямар ёслол үйлдэл гэж байгаа нь сонин байна. Тэгээд ч маргааш амралтын өдөр болохоор ГЯЯ-наас бэлдсэн хөтөлбөр байхгүй. Би анх удаа бие дааж ганцаараа ажиллахаар болж байгаа гэсэн үг. Маргааш өглөө нь 8 цагаас 10 минут өнгөрч байхад Сүхбаатарын талбайд очлоо. Гадаа хүйтний эрч чангарсан бололтой, шинийн нэгний өглөө Сүхбаатарын морьтой хөшөө цэлмэг хөх тэнгэрийн доор цойлон зогсох нь холоос тод харагдана. Тэр гараараа хязгааргүй тэнгэр өөд заажээ. 1921 оны баатар болох Д.Сүхбаатар тухайн үедээ 27 настай байсныг саналаа. Нээрэн С.Зориг ч гэсэн 27 настай. Хэрэв С.Зориг Монгол улсын ерөнхийлөгч болчихлоо гэхэд нэг их гайхаад байх зүйлгүй. Сүхбаатарын хөшөөний өмнө хорь орчичм хүн цугларсан байна. Тэд бие биетэйгээ золгоод сар шинийн мэнд хүргэцгээж байна. Би энд Ардчилсан холббоны залуусын цугларал гэж ирсэн юм. Тэгсэн харин гэр бүлээ, үр хүүхдээ дагуулсан хүмүүс байсан нь сонин санагдав. С.Зоригийн бараа ч алга. Гайхшран зогсох над руу Нинж хүрч ирлээ.
-Сар шинийн мэнд хүргэе.
-Ашгүй та хүрээд ирэв үү? Манайхан өнгөрсөн жил хүртэл цагаан сарыг ёслон тэмдэглэж чаддаггүй байлаа. Энэ жил бидний санаснаар болж цагаан сарын золголтоо чөлөөтэй хийдэг болж байна хэмээн ярьж байхад цаанаас нь нэг цагдаа алхаад ирж яваа харагдав. Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан хийхийг хориглосон байгаа. Тэр цагдаа ердөө биднийг чиглээд ойртож явааг би нүднийхээ булангаар харж байсан л даа. Гэтэл цагдаа явсаар шууд Нинжийн дэргэд хүрч ирснээ золгож гардаг юм байна. Бие биедээ сар шинийн мэнд хүргээд л. Өнөө цагдаа ингэж мэндэлж золгочихоод цаашаа яваад өглөө. Талбайд Ардчилсан холбоо, Ардчилсан намын дөч орчим гишүүн цугларч Сүхбаатарын хөшөөг нэг удаа тойрч цэнхэр хадгаа өргөснөөр ёслол дууссан. Ёслол дуустал С.Зориг ирсэнгүй. Тэр өөр тийшээ явсан бололтой. Би нэг мэдэхэд цугларсан хүмүүсийн араас дагаж явсаар байлаа. Золгон мэндчилж яваа хүмүүс ч их байна. Тэд яг л өнөр өтгөн нэгэн гэр бүлийн гишүүд шиг харагдаж байлаа. Шинийн нэгний өглөө цаг агаар гэнэт дулаарч Улаанбаатарт хасах таван хэм орчим болж хаврын урь орлоо”.
Кудо Миёко “Монголыг сэрээсэн ардчиллын салхи” ном. 100-103 дугаар тал