images

“Чи минь”


   1999 онд дуучин Т.Ариунаагийн төрсөн өдөрт гитарчин Д.Өлзий-Орших уригджээ. Тухайн үеийн “Top ten club”-т болсон баярын арга хэмжээнд ирсэн зочид нэг нэгээр тайзан дээр гарч төрсөн өдрийн эзэнд сэтгэлийн үгээ хэлсээр Д.Өлзий-Оршихийн ээлж ирэхэд бэлгээ өгөнгөө “Энэ өдрийн бэлэг болгож гоё дуу хийж өгнө өө” хэмээн амлажээ. Ингээд хэсэг хугацаа ч өнгөрч дуучин Т.Ариунаа үе үе дуугаа нэхэж түүн рүү ярьдаг болсон гэнэ. Гэтэл гитарчин Д.Өлзий-Оршиход дууны санаа орж ирэхгүй байсан учир хойшлуулаад л байж. Нэг зун түүнийг барилгын зах дээр арматур авах гээд явж байхад утас нь дуугартал Т.Ариунаа байжээ. Нөгөө дуу яасан бэ” гэтэл Д.Өлзий-Орших “Бэлэн. Асуудалгүй” гээд л ам алдчхаж. Тэгтэл “Би Сонор студи дээр байна. Одоо хүрээд ир” гэсэн хариу сонсоод “Хоёр цагийн дараа очно оо” гээд яаран сандран утсаа салгажээ. Тэгээд тэнд байсан нэг хүнээс цаасны тасархай, харандаа гуйж аваад машиндаа суугаад цонхыг нь хааж, агааржуулагч тавьж байгаад амандаа аялж өгчээ. Ингэж цаг бодсоны эцэст нэг бадаг дахилттай болж студи руу нь очоод “Түр хүлээж байгаарай” гээд шууд л  төгөлдөр хуур дээр хөгжмийн найруулгаа хийжээ. Т.Ариунаад аялж өгтөл нэг их ойшоохгүй янзтай болохоор нь продюсер Н.Халиунд хөгжмийн найруулгыг нь хийгээд өгөөрэй гээд аяаа өгчхөөд хоёр хоногын дараа сонсохоор иртэл санасанаас нь  өөр болчихсон байжээ. “Дахиад хийя” гэтэл  Н.Халиун Надад зав алгаа. Чи эсвэл өөрөө хийж байхгүй юу” гээд төхөөрөмжөө асааж өгөөд яваад өгсөн байна. Ингээд хэсэг будилан байж байтал хөгжмийн зохиолч Б.Чинбат гаднаас орж ирэхээр нь түүнээс төгөлдөр хуур дээр тоглож өгөхийг хүсжээ. Дөнгөж тоглож эхлээд л түүнд маш их таалагдаж манай “Эмошн” хамтлагт өгөөч гэж гуйж байсан гэдэг. Дараа нь аяндаа тааруулж шүлгээ хийж байтал гуравдугаар бадаг дээр нь бүүр гацчихаж гэнэ. Тэгтэл гэнэт Харангын Лхагваагын байнга хэлдэг "Үлгэрт үнэн юм байхгүй

Дуунд худлаа юм байхгүй" гэдэг алдарт үг толгойд нь бууж

“Дуунаас ч илүү үнэн байгаасай” гэсэн санаа авч үгээ босгожээ. Ингээд хоолой бичлэгэндээ орох гэтэл Ариунаагын хоолойнд өнгөнд таарахгүй студид бүтэн 12 цаг хэрэлдэх хэлцэхийн хооронд байж дуусгасан аж. Энэ явдлаас хоёр сарын дараа Т.Ариунаа шинэ цомгоо Чи минь” дуугаар нэрлэхээр болсноо дуулгаж, клипний зураг авалтандаа Д.Өлзий-Оршихыг урьжээ. “Чи минь” дуу мэндэлснээс хоёр жилийн дараа Пентатоникийн “Шилдэг поп дуу”-ны шагнал авсан түүхтэй.