images

“Чи над шиг дурлаж чадах уу?”


   “Никитон” хамтлагийн “Чи над шиг дурлаж чадах уу?” дуу 2013 онд бүтжээ. Дууг анх студид бичүүлэхэд Улсын филармонийн хийлчид ирж тоглосон гэнэ. Харин “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун олонд хүргэсэн бөгөөд студид анх хийл, бөмбөрийн бичлэг хэрхэн хийгдэж байгааг сонирхож орж ирэхдээ үг, аяыг нь гитарчин Д.Өлзий-Оршихоос асууж хоёул төгөлдөр хуур дээр үг, аяыг нь оруулж хуваарилахаар болсон байна. Тэгээд “Өнөөдөр хоолой тааруухан, дуугаа ч сайн сурж амжаагүй байна. Маргааш хоолойгоо бичүүлье” гэж байснаа “Туршилтын маягаар нэг дуулаад үзье” гээд бичлэгийн өрөө рүү орчихжээ. Эхний удаа нэг дуулаад хоолойгоо засан хоёр дахь дээр нь дуусангуут тэнд хоолой бичиж байсан “Pro Sound” студийн продюсер  Рагу Раман инээд алдаад босоод ирж гэнэ. "Яав, юу болов?" гэтэл англи, монгол хэлээ холин байж “Ах аа It’s great. World standard, super, солиотой, тасархай” гээд дуу алдан Д.Өлзий-Оршихт хандан “Би бичээд авчихсан. Одоо дахиад хэрэггүй. Шууд дуулчлаа” гэснээр энэ дууг хэдхэн цагийн дотор бичүүлж байжээ.