images

Монголчууд Олимпын аваргатай болсныг Төрийн ордон дотор хэрхэн тэмдэглэв?


УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцангийн дурсамжаас.

   “2008 оны наймдугаар сарын 14-ний орой Монголын тамирчин Найдангийн Түвшинбаяр Казахстаны бөхтэй аваргын алтан медалийн төлөө барилдав. Манай өрөөнд Ц.Нямдорж орж ирэн тус барилдааныг хамт үзэв. Өглөө нь Н.Түвшинбаярыг Японы алдарт бөх Сузукийг цэвэр ялахад монголчууд цөмөөрөө горьдлого тээсний нэг адил би ч гэсэн Булганаас анхдагч төрдөг уламжлалаараа олимпийн аварга төрчих байх гэсэн найдвар тээсээр тэр өдрийг барсан юм. Ингээд Ц.Нямдорж явж би үлдээд сууж байтал Г.Занданшатар утасдаж “Талбай дээр залуучууд цуглан баяр хөөр болж байна. Та гарч ирж баяр хөөр хуваалцахгүй юу, таныг урьж байна” гэсэн тул би хамгаалалтынхнаас зөвшөөрөл аваад гарч очихоор болов. Утсаа тавингуут дахин утас дуугарахад автал Ц.Мөнх-Оргил “Таныг ерөнхийлөгч өрөөндөө урьж байна. Яаралтай орж ирнэ үү” гэлээ. Н.Энхбаяр ерөнхийлөгчийн өрөөнд ортол хөөрч баярласан хүмүүс угтлаа. Ц.Элбэгдорж, Н.Батбаяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар байв. Бид бүгдээрээ тэврэлдлээ. С.Баяр ерөнхий сайдыг урьж ирүүлэх болоод би ерөнхий сайдтай ярьж урилаа. С.Баяр Шадар сайд М.Энхболдын өрөөнөөс гарч орж иртэл мөн л бөөн баяр хөөр болцгоов.

7 сарын 1-нээс хойш үргэлж сөргөлдөөнд байсан эдгээр хүмүүс улс орныхоо тамирчдын амжилтаар баярлан нэгдэж чаддаг юм байна гэж тэр үед бодогдож байлаа. Т.Билэгт дарга талбай дээр индэр засч, үлээвэр хөгжмийн ансамбль бэлтгэж байгааг дуулган биднийг цөмийг нь гарахыг урилаа. Баярын хундага өргөөд хэн нь түрүүлж индэрт гарах талаар ярилцлаа. “Монгол улс парламентийн засаглалтай улс болохоор Лүндээ дарга явах нь зүйтэй” гэцгээж би түрүүлж гарч ирэв. Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, С.Баяр гурав гар гараасаа хөтлөлцөн ард явцгаалаа. Ийнхүү С.Баяр нээн үг хэлж, Н.Энхбаяр “Би азтай ерөнхийлөгч, Ц.Элбэгдорж та азтай АН-ын дарга, С.Баяр та азтай Ерөнхий сайд, Лүндээжанцан та азтай УИХ-ын дарга” гэсэн нийтэд хоногшин үлдсэн үгийг хэлж төрийн дууллыг бид цөмөөрөө дуулсан билээ”.

Данзангийн Лүндээжанцан. “Хэзээ ч бүү шантар” ном. 422-423 дугаар тал.