images

“Nestlé”


   Швейцарын “Nestlé” хүнсний компанийг 1867 онд буюу одоогоос 157 жилийн өмнө Хэнри Нэстлэ байгуулжээ. Тэрбээр эм зүйчийн дагалдангаар ажлын гараагаа эхэлсэн, химич мэргэжилтэй хүн юм. Эм зүйчээр ажиллаж байхад нь нялхасын эндэгдэл их байсан тул шим тэжээлийн дутагдлыг арилгах зорилго тавин сүүгээр нярай хүүхдийн нэмэлт хоол хийж зарсан нь богино хугацаанд олон улсад алдаршжээ. Мөн түүний гаргасан бизнесийн санааг эмчийн охин болох эхнэр К.Нэстлэ нь дэмжин олон бүтээгдэхүүний шинэ санаачлага гаргасан гэдэг. Улмаар тэд компаниа байгуулаад 1868 онд үүрэндээ гурван дэгдээхийгээ хооллож буй шувууны зурагтай логотой болжээ. Уг бэлгэ тэмдэг нь цаг хугацааны явцад хувьссан ч ерөнхий дүрслэл нь өнөөг хүртэл хэвээр хадгалагдаж байна. Тэгвэл тус компанийн нэр болон лого нь үүсгэн байгуулагчийн овог Nestlé-гээс үндэстэй юм. Энэ нь германаар шувууны үүр гэсэн утгатай бөгөөд бүх талаараа компанийн нэр, бэлгэ тэмдэг, зорилготой нийцэж байлаа.

   Ингээд нуурын эргийн Виви тосгонд үнээний сүүгээр хүүхдийн нэмэлт тэжээл хийж эхэлсэн нь “Farine Lactee” юм. Анхандаа өглөө бүр тосгоны иргэдээс сүү худалдаж аваад бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг байсан бол хоёр жилийн дараа гэхэд ойр орчмынхоо тосгоноос сүү цуглуулах үйлдвэртэй болжээ. Учир нь, Х.Нэстлэ химич тул шинэ бүтээгдэхүүнээ шинжлэх ухааны талаас нь тайлбарласан бяцхан гарын авлага хийгээд эмч, эм зүйчдэд хүргүүлсэн байна. Гарын авлагад хүүхдээ хөхөөрөө хооллох нь жам ёсны сонголт мөн боловч шаардлагатай тохиолдолд нэмэлт хоол чухал болохыг тайлбарлажээ. Улмаар маркетингаа сайжруулан ажиллаж байсан ч 1875 онд компаниа худалдаж, 1890 онд нас барав. Харин өдгөө "Nestlé” 270 тэрбум долларын үнэлгээтэй, дэлхийн 38 дахь өндөр үнэлгээтэй компани болжээ. Мөн 186 оронд 2000 гаруй брэндээ борлуулж, дэлхийн хүнсний салбарт тэргүүлж байна. Түүнчлэн толгой компани нь анх үүссэн Виви тосгондоо байх бөгөөд өдгөө сүү, какао, кофены дэлхийн хамгийн том худалдан авагч болсон аж.